Хүмүүс хэдийнэ мөнгөгүй болоод эхэлжээ. Орлогогүй болохоор аргаүй л дээ. Ялангуяа хувиараа худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд амьдрал эхнээсээ 0 зогсолтод орсон байна.
Нэгэн худалдааны төвд гурил, будааны лангуу ажиллуулдаг таньдаг эгч маань “Худалдан авах чадвар эрс муудлаа. Хөл хорионы эхний үед хүмүүс гурил, будааг ихээр авсан. Манайхан чинь мөнгөтэй юмаа гэж бодож байлаа. Гэтэл тэдэн дотор хамаг юмаа ломбарданд тавьж хүнсээ цуглуулсан хүмүүс олон байсан юм билээ. Одоо бол “Эгчээ, мөнгөгүй болсоон. Байгаа мөнгөндөө тааруулж авая гээд гурил, будааг граммлах нь олон байна. Гэр хороололд бүр хэцүү байгаа гэсэн. Түлшгүй хүмүүс амбаараа задлаад түлж байгаа дуулдсан” гэлээ.
Үнэндээ барааны лангуу ажиллуулдаг, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг, машинаараа халтууранд явж өдрийнхөө орлогоор амь зуудаг хүмүүсийн амьдрал хөл хориотой хамт тушигдсан нь үнэн. “Баячууд нь хадгаламжаа идээд, доодчууд нь халамжаа хүртээд болоод байна. Харин дундаж давхрагынхан сөхрөх нь” гэдэг пост сошиалаар явж харагдсан. Үнэний ортой. Төсвөөс цалинждаг албан хаагчид, багш нар гэрээсээ цалингаа авч байгаа. Хөл хорио сунгах нь тэдэнд нөлөө үзүүлэхгүй. Зарим нэгэнд нь харин ч таатай, ашигтай байгаа нь мэдээж.
Төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн хувьд л нөхцөл байдал туйлдуулах хэмжээнд хүрснийг бодолцож үзэхгүй бол болохгүй нь. Гэхдээ цар тахлын аюулт хор нөлөөг нэгдүгээрт тавьж үзэхээс аргагүй гэдэг нь бас үнэн. Аль аль талыг нь хохироохгүй их л оновчтой гаргалгаа бодож олж, дариухан шийдвэрлэхгүй бол гадаад өр, зээл нь талийсан Монгол Улсын эдийн засаг царцаж, 0 зогсолтод орох нь гарцаагүй үнэн. Юу үнэн, тэр үнэн.
Д.Лхагвадорж