2020 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас сэтгүүлчид сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр “Монгол Улсын ээлжит сонгуулийн сурталчилгааны нээлтийн өдөр болж байна. МАН бүх шаардлагатай бичиг баримтыг цаг хугацаанд нь өгснөөр 76 нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авч байна. Бидний тухайд 2020 оны сонгуулийг хуулийн дагуу, ижил тэгш боломжтой, шударга өрсөлдөөн дунд явагдаасай гэж хүсч байна. Бид ч энэ зарчмаар ажиллана. МАН энэ удаагийн сонгуульд “Хүчээ нэгтгэе” гэдэг уриатай оролцоно. Монгол Улсын өмнө тулгамдсан олон асуудал байна. Коронавирус бол хамгийн том асуудал. Мөн цаашилбал агаарын бохирдол гэх мэт улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд олон түмний хүч нэг байх юмаа гэдэг агуулгаар энэхүү гэдэг уриаг дэвшүүлсэн юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд эхлүүлсэн олон том ажил бий. Төмөр зам, нефтийн үйлдвэр гээд. Эдгээр эхлүүлсэн ажлуудаа дуусгахын тулд ард иргэдтэйгээ хамтарч хүчээ нэгтгэх учиртай юм гэдэг санаа ч бий. Мэдээж өнгөрсөн цаг хугацаанд төр засгийн зүгээс хийж амжаагүй ажил байгаа. Тэр болгоныг аль болох богино хугацаанд засч залруулж, шударга бус үйлдэлтэй үргэлжлүүлэн тэмцэж, төрийн албан хаагчдын мерит зарчмаар өсөн дэвших боломжийг хангах зэрэг олон дэвшилтэт заалтыг Мөрийн хөтөлбөртөө тусгасан” гэлээ.
Д.Дорж