Тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргасантай холбогдуулж Монголын ахмадын холбоо мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд “ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХ АСУУДЛЫН ТАЛААР УИХ-ЫН ЭРХЭМ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД СОНОРДУУЛАХ НЬ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Монгол улсын Засгийн газраас “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын их хуралд өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ажил амьдралаа зориулж гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа олон зуун мянган ахмад настнуудынхаа өмнөөс Монголын ахмадын холбоо байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж Удирдах зөвлөлийнхөө өргөтгөсөн хурлаас гаргасан шийдвэрийг Та нөхдөд сонордуулж байна.
Монголын ахмадын байгууллагын судалгаагаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас 311.7 мянган ахмад настан тэтгэвэр авч дундаж тэтгэвэр 383000 төгрөг, доод хэмжээ нь 270.0-310.0 мянган төгрөг байгаа бөгөөд тэдний 60 гаруй хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй байна.
Тэтгэвэр барьцаалсан зээл /тэтгэврээ хүүтэйгээр урьдчилан авсан/-тэй гэх ангилалд багтах ахмад настнууд энэхүү зээлийг нэг удаа тэглэх арга хэмжээ авч байгаад төр засагтаа талархаж байхад зээл авахгүйгээр арай ядан амьдралаа залгуулж олон жилийн туршид бага тэтгэвэртэй, тэтгэврийн зөрүүгээ арилгуулж чадахгүй хохирч яваа ахмад настнууд шударга бус шийдвэр гаргалаа гэж гомдоллосоор байна.
Монголын ахмадын холбоо нь олон зуун ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авах гэж буйг буруутгахгүй байгаа хэдий ч нийт ахмадуудынхаа нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу энэ асуудлыг шийдвэрлэхэд үүсч болзошгүй хүндрэл бэрхшээл сөрөг нөлөөлөл, үр дагаврын талаарх ахмадуудын санал хүсэлтэд Улсын их хурлын эрхэм гишүүдийн анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Ахмад настнууд идэвхтэй хөдөлмөрлөж байх үедээ нийгмийн даатгалын санд урт хугацааны туршид ихээхэн хуримтлал бий болгосон атлаа уг сангаас сар бүр авдаг баталгаатай орлогоо /тэтгэвэр/ барьцаалуулан арилжааны зээлийн хэлбэрээр өндөр хүүтэй зээл олон сар, жилээр авч амьжиргааны чанар нь өдрөөс өдөрт дордож, улмаар амьдралын аргагүйдлийн эрхээр хууль эрх зүйн зохицуулалтгүй, Монголоос өөр ямар ч улс оронд байдаггүй банкны мөнгө хүүлэлтийн золиос болж ахмадууд хохирсоор байна.
Монгол улсын төр засгаас валютын ханш, үнэ тарифын өөрчлөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлж, зөрүүг арилгах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас үүдэлтэй 1990-ээд оноос хойш цалингийн өсөлтөөс тэтгэврийн нэмэлт хэдэн мянга дахин хоцорч тэтгэвэр авагчдын амьжиргаа дордож, эрх нь ноцтой зөрчигдөх, тэтгэврийн зээлээр гол зогоон амьдрах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарснаас хойш ахмадуудын дунд талцал, бухимдал үүсч, зээлийн хэмжээ, хугацааны ялгаа, зээлийн зориулалтаас шалтгаалж хэрхэн тэглэх бодлого нь тодорхойгүй, тэтгэврийн зээл авахгүйгээр амьдралаа арай ядан зохицуулж байгаа ахмадуудад нөхөн төлбөр олгох эсэх, байгалийн баялгийг Үндсэн хуулийн заалтад нийцүүлэн бүх ахмадуудад адил тэгш, шударга хүртээх бодлого байгаа эсэх зэрэг олон ойлгомжгүй, бүрхэг асуудлуудыг анхааран үзэж зөв шийдвэрлэх талаар ахмадууд санал бодлоо илэрхийлсээр байна.
Монголын ахмадын холбоо Ахмад настнуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх ашгийг нь хамгаалах, тэдний амьжиргааны эх үүсвэр болох Орлогын баталгаат байдлыг бүрдүүлэх, төрийн иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийг шударга, адил тэгш хүртээмжтэй байх зарчмаар хангуулах зорилгоор тэдний дуу хоолойг, шийдвэр гаргагчдын сонорт хүргэж, зарчмын байр сууриа илэрхийлэх, шаардлагын үүднээс энэхүү Мэдэгдлийг гаргаж байна.
1. Тэтгэврийн зээлийг тэглэх хувилбар нь зөвхөн тэтгэврээ зээлийн хэлбэрээр урьдчилан авсан ахмадуудын өмнө тулгамдсан асуудлыг нэг удаа шийдвэрлэсэн түр зуурын арга хэмжээ учраас ахмад настнуудын тэтгэвэр, орлогыг нийтэд нь шударгаар нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх талаар бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох.
2. Тэтгэврийн зөрүүг арилгах талаар үе үеийн төр, засгийн газраас бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгадаг боловч өнөөг хүртэл бодитой арга хэмжээ авахгүй, сүүлийн 6-7 жилд сард 20 гаруйхан мянган төгрөг нэмсэн болж, адил ажил, мэргэжлийн хүмүүсийн тэтгэврийн зөрүү нь улам холдож ахмадууд хохирсоор байна. Иймд нэгэнт хөрөнгийн эх үүсвэр бий болж байгаа нөөц боломжоо ашиглаж тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ авах, нэн тэргүүн ээлжинд 70 ба түүнээс дээш настай 78000 орчим ахмадуудын тэтгэврийн зөрүүг нэг мөр бүрэн арилгах зоримог шийдвэр гаргах
3. Ахмад настнуудын өдөр тутмын амьжиргааны баталгаатай орлого болох тэтгэврийг арилжааны банкуудын бизнесийн үйл ажиллагаа явуулах, ашиг олох бүтээгдэхүүн болгож ирсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, харин амьдралын зайлшгүй шаардлага гарсан ахмадуудад З хүртэл сарын тэтгэврээ хүүгүйгээр урьдчилан авдаг хуулийн зохицуулалт бүрдүүлж өгөх
4. Тэтгэврийн зээлийн хүү төлүүлснээс ахмад настнуудад учруулсан бодит хохирлыг нөхөн төлүүлэх /буцаан олгох/ асуудлыг юуны өмнө авч үзэж шийдэхийн зэрэгцээ өрийг тэглэх, эсвэл тодорхой хугацаагаар хүүтэйгээр урьдчилан авсан тэтгэврийг нь нэг удаа буцаан олгож амьжиргааг нь дэмжих гэж буй арга хэмжээнүүдийнхээ талаар зөвөөр тайлбарлан нийгэмд ойлгуулж, байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах Үндсэн хуулийн заалтыг иш үндэс болгон их бага зээлтэй хүмүүст ялгаварлал, ашиг хонжоо, сөрөг үр дагавар гаргахгүйгээр 6 сая хүртэл төгрөгийн зээлийн өрийг тэглэхээр шийдвэрлэх
5. Байгалийн баялгаа эргэлтэнд оруулж, баялгийн сан бүрдүүлэх замаар улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж залуу, халуун насаа зориулсан Ахмад үеийнхэн, ахмад настнуудын өнөөгийн болоод цаашдын амьдралд нь эерэгээр, бодитой дэмжлэг, хувь нэмэр болохуйц, улс оны нийгэм, эдийн засаг, санхүүгийн байдалд сөрөг нөлөөгүй, зах зээлийн харилцааны зарчимд нийцсэн, хамгийн гол нь ахмад настан иргэн бүр шударга, адил тэгш, үр ашиг хүртэж чадах зарчмаар асуудлыг олон талаас сайтар нягтлан “долоо хэмжиж нэг огтлох” зарчим барьж оновчтой зөв шийдвэр гаргаасай гэж Монголын ахмадын холбооны удирдах зөвлөл хүсч байна. МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ” гэжээ.
С.Болд
2020.01.07