БНСУ-ын Korean Air онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан хэргээр тус улсад шалгагдаж, улмаар Инчеон хотын прокуророос 7 сая воны торгуулийн шийтгэл хүлээсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрөгч баасан гарагт эх орондоо ирсэн. Тэрбээр Индонези улсад болсон олон улсын Үндсэн хуулийн шүүхийн хуралд оролцоод буцахдаа Солонгосоор дайрч мэдүүлэг өгсөн юм. Юутай ч Солонгосын шүүх, прокурор түүний хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй гэж үзэж торгуулийн арга хэмжээ ногдуулсан билээ.
Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Д.Одбаяр даваа гарагт буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийх байсан юм. Тэгвэл өнөөдөр уг хэвлэлийн бага хурлыг хойшлуулжээ. Учир нь Д.Одбаяр өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан аж. Гэхдээ хуулийн дагуу түүнийг огцруулах, эсэхийг Цэцийн гишүүд шийдэх юм. Эх сурвалжийн мэдээлснээр Монголд ирсэн даруйдаа Д.Одбаяр Цэцийн гишүүдтэй уулзаж, улмаар “Би хэлмэгдсэн, гүйцэтгэх ажиллагааны золиос болсон. Ажлаа өгөхгүй. Төрийн гурван өндөрлөгтэй ярина” гээд хаалга саван гарсан юм байх. Цэцийн 8 гишүүний /Д.Одбаярыг хасаад/ 6 нь ёс зүйн хариуцлагаа хүлээж огцрох ёстой гэдэг шаардлага тавьсан бололтой.
Д.Бат