С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын Түр хорооны гишүүд болох Ж.Батзандан, Ц.Нямдорж, Л.Болд, Ө.Энхтүвшин, А.Сүхбат, Х.Нямбаатар нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдөр та бүхний өмнө УИХ-ын тогтоолоох байгуулагдсан Түр хорооны гишүүд хүрэлцэн ирээд байна. Түр хороо байгуулагдсан цагаасаа хойш сард хоёр удаа, заримдаа гурван удаа хуралдаж Олон улсын парламентийн холбооны шинжээчдийг Монгол Улсад хоёр удаа авчирч, энэ хэрэг дээр албан ёсоор дүгнэлт гаргалаа. Өнөөдөр дүгнэлтээ танилцуулахаар Түр хорооны гишүүд хүрэлцэн ирсэн байна. Түр хорооны дүгнэлт болон ОУПХ-ны парламентчдын хүний эрхийн хорооны шийдвэр 100 хувь санал нэгтэй гарсан. Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Түр хороо ОУПХ-ны парламентийн Хүний эрхийн хороотой хамтарч ажилласан. Маш тодорхой зүйлүүд дээр дүгнэлтэд хүрсэн. Нэгдүгээрт, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн байна гэдгийг ОУПХ-ны шинжээчид албан ёсоор тогтоосон гэдгээ бидэнд хүргүүллээ. Эрүүдэн шүүснийг тогтоохын тулд Түр хороо болон ОУПХ-ны шинжээчид нийт 23 албан тушаалтантай, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай, мөн тэдний өмгөөлөгч, ар гэрийнхэнтэй уулзаж, улмаар нотлох баримт дээр тулгуурлаж эрүүдэн шүүж, хилсээр ял өгсөн байна гэдэг дүгнэлт гаргаж байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллаж, шударга бусаар шүүгдэж тамлуулан зовсны төлөө нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэдэг шийдвэрийг ОУПХ-оос бас гаргасан байна. С.Зоригийн хэргийг улс төрийн намууд улс төрийн арилжаа наймаанд олон жил ашиглаж ирснийг ОУПХ буруутгаж байгаа төдийгүй өнөөдөр албан ёсоор түр хороог Монгол Улсын парламентаас байгуулсныг сайшаан талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Түр хорооны гишүүдийг дарамтлан сүрдүүлж байгаад санаа зовж байгаагаа мөн илэрхийлжээ. Хөдлөшгүй хэрэгжүүлэх ёстой үнэн бол энэ. Гэм хор үйлдээгүй хоёр хүнийг яаралтай суллах ёстой. Жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг олж ирлүүлэх ажилдаа яаралтай орох ёстой” гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Би нэг зүйл хэлье гэж бодох байна. Шүүх дээр энэ хэргийг аль болох сунжруулах хугацааны тоглолт хуйвалдаан явагдаж байгаа гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Анхан шатны шүүх мөрдөн байцаалтад буцаасан. Яг сүүлчийн өдөр тэр шийдвэрээ прокурорт өгсөн. Прокурор эсэргүүцэл бичингүүт шүүх хянаж болох сүүлчийн өдөр давах шатны шүүхээр орсон. Давахын шийдвэр гараад дахиад 30 хоногийн дараа давахын магадлалыг гардуулсан. Дахиад 30 хоног хожих ийм сунжруулах хуйвалдаан шүүх дээр явагдаж байна. Хоёрдугаарт, энэ асуудал нууцаас гарсан. Засгийн газрын тогтоолоор нууцаас гаргадаг. Өөр нууцаар гаргадаг газар байхгүй, одоогийн хуулиар. Гэтэл зарим хүмүүс нууцаас одоо гарга гэсэн шаардлага хүргүүлээд дахиад хугацаа хожих юм явагдаж байгаа. Энэ асуудлыг будилуулсан бүх шүүгч нар албан тушаалдаа байгаа. Ялангуяа Дээд шүүхийн түвшинд. Ерөнхий шүүгч солигдсон ч хуучин Ерөнхий шүүгч нь одоо хүртэл ажлаа хийж байна. Энэ хэргийг Дээд шүүхэд хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүний бүх шүүгч ажлаа хийж байгаа. Эд нар арьсаа хамгаалж байгаа учраас анхан болон давж заалдах шатны шүүх дээр хугацаа хожиж, эрүүдэн шүүсэн, яргалсан хүмүүст боломж олгох хуйвалдаан явагдаж байгааг баталгаатай хэлж чадна. Эрүүдэн шүүсэн нь ойлгомжтой байсан. Үүнийг эвлүүлэг гэж хэлж байгаа хүн байгаа. Тагнуулаас сэргээсэн бичлэг шүү дээ. Эвлүүлэг хийх ямар ч техникийн бололцоо байхгүй” гэв.
Д.Дорж