Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр “2019 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 698 гомдол, мэдээлэл шалгасан. Хүлээн авч шалгасан 698 гомдол, мэдээллээс 370 гомдол, мэдээлэл буюу 53.0 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 285 гомдол, мэдээлэл буюу 40.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 27 гомдол, мэдээлэл буюу 3.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж, шийдвэрлэлт 97.9 хувьтай байна. Эхний 10 сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 125 буюу 11.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 буюу 41.5 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 21 хэргийг нэгтгэн шалгаж, 3 хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэрэг байна. Шүүхээр 42 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн’ гэлээ. Мөн “АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлээд байна. Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг дурдах боломжтой. Зөвхөн 10 дугаар сард л гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Түүнчлэн сүүлийн үед шинээр шалгасан хэргүүдийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэв. Та бүхэн мэдэж байгаачлан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, II Дулааны станцын гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүллээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ, үйлдэл нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж байна’ хэмээн мэдээллээ.