Өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 31-нд Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Korean air компанийн онгоцоор Улаанбаатараас Сөүлийн чиглэлд зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөгт гар хүрч “бэлгийн дарамт” үзүүлсэн гэх хэргээр түр саатуулагдаад, Олон улсын гэрээний /Венийн хэлэлцээр/ дагуу суллагдсан талаар Монголын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Энэ талаар Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлаг ч уламжилсан байна. Хэдийгээр түүнийг түр саатуулаад сулласан ч Солонгосын цагдаагаас хэргийг шалгаж, байцаалт авах гэнэ. Тэрбээр Индонези улсад болох Олон улсын хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа ийм асуудалд орсон юм байх. Гэхдээ албан ёсны эх сурвалж хэргийн үнэн, худлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Д.Одбаяр ҮХЦ-ийн дарга болохоосоо өмнө Дорнод аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан.
Харин ҮХЦ-ийн Хэвлэлийн төлөөлөгч тийм зүйл болоогүй гэдэг тайлбар өгч, албан ёсны мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд “Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Тэрбээр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр Индонези улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ” гэж мэдээлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор БНСУ-аар дамжин зорчиж явсан юм. Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн Цэцийн даргын арын эгнээнд сууж явсан нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно. Үндсэн хуулийн Цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.
Х.Солонго