Монголын эмч нарын VI их хурал Төрийн ордонд болж байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд бүх чадлаа зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч байгаа эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан, их хурлын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв.
Эмч нар, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан, ажиллаж байгаа хүн бүр нийгмийн халдварт олон өвчнийг устгахын төлөө хичээл зүтгэл гаргаж байгаад Засгийн газрын тэргүүний өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.
Ерөнхий сайдын дэвшүүлсэн мэндчилгээнээс үзвэл төр, засаг эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарч, эрүүл мэндийн салбарт 2018 онд 60,7 тэрбум, 2019 онд 104,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байна.
Засгийн газар цаашид:-Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд салбарын хамт олонтой нягт хамтран ажиллах
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон бие даасан үйл ажиллагааг хангаж, төр хувийн хэвшлийн шударга өрсөлдөөн бий болгох, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг оновчтой үнэлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарах
-Төр, хувийн хэвшлийн анагаах ухааны 12 сургуулийг төгсөж байгаа 3500 гаруй мэргэжилтний 1500 нь их эмч. Эдгээр эмч нарын 40 хувь л ажлын байртай болж байгаад анхаарах
-Эмч, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа явуулах эрх зүйн байдлыг боловсронгуй болгох -Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангах хууль эрх зүйн орчныг шинэчилэх, Эмийн зохицуулалт хариуцсан бие даасан бүтэц бий болгох-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээ, санхүүжилтийн үр дүнгийн хяналтыг сайжруулахаар төлөвлөж байна. Эмч нарын VI их хурлаас гарсан санал, шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар бодлого, шийдвэртээ тусгах юм гэж Засгийн газрын ХМОНХА-наас мэдээллээ.