УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны арванхоёрдугаар сарын 4-нд өргөн барьсан Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.
Энэхүү хууль батлагдсанаар зөвхөн өмгөөлөгчийн эрх, үүрэг, эрхзүйн байдлыг тогтоохоос гадна иргэдийн хууль зүйн туслалцаа авах, мөн тухайн иргэн өөрийгөө өмгөөлөх, эрхзүйн туслалцааг бий болгож байгаагаараа онцлог аж. Өөрөөр хэлбэл, иргэний санал хүсэлт, гомдол гаргах нь нээгдэх юм байна. Мөн цагдаа, хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн хоёр жилийн хугацаанд өмгөөлөгчөөр ажиллахыг хориглосон байна. Түүнчлэн шүүгчээс огцорсон, прокуророос халагдсан зэрэг ёс зүйн зөрчлөөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс өмгөөлөгчийн шалгалт өгөхгүй байхаар зохицуулжээ. Хамгийн гол нь уг хууль батлагдсанаар өмгөөлөгчдөд тавигдах шаардлага нэмэгдэж, өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ нууцын зэрэглэлийг чанд хатуу хадгалахаар зохицуулжээ. Одоо үйлчилж байгаа хуулиар хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс өмгөөлөгч хийх эрхтэй болдог. Харин шинэ хуулиар хуульчийн сонгон шалгаруулалтад ороод дараа нь дахин өмгөөллийн сонгон шалгаруулалтад орохоор болж байгаа юм. Энэ нь өмгөөлөгчөөр ажиллах ур чадвар, хандлага зэргийг нь шалгах ажиллагаа аж. Хэрэв энэ шалгалтад тэнцвэл хугацаагүйгээр өмгөөллийн эрхээ авна. Мөн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг Монголын өмгөөлөгчдийн холбоо олгох бөгөөд ингэснээр хараат бусаар ажиллах эрхзүй бүрдэх аж.
Б.Болор