Энэ сарын 12-нд буюу өнгөрөгч даваа гарагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон хүчний байгууллагын удирдлагуудыг дуудан уулзаж удаа дараа хууль зөрчсөн “Сауд гоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг даалгавар өгсөн билээ. Энэ дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын “А 420” тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу БОАЖЯ-наас “Сауд гоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн цуцалсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлтээр тус компани уул уурхайн стандарт, норм журмыг биелүүлээгүй, төлөвлөгөөт бичиг баримтыг бүрдүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг ноцтой зөрчил илэрсэн бөгөөд үүнийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж буй аж. Тус компани “17038219036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан юм.
Тэгвэл өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 14–ний өдрийн 91 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж 153,4 мянган га газраар өргөтгөн нийт 896,5 мянган га газрын байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг баталлаа.
Б.Бат