Урин цаг ирж, хүмүүс явган алхах нь нэмэгдлээ. Гэхдээ нэг том асуудал байна. Энэ бол скүүтэрээс гадна дугуй, суррон, мопед, мотоциклийн хэрэглээ юм.
Нийслэлд дугуйн зам ховор. Тодорхой хэсэгхэн байршилд л бий. Энэ нь явган зорчигдод туйлын халтай байна. Өөрөөр хэлбэл, хотын гудамж эрсдэлтэй орчин болж хувираад байна.
Уг нь явган хүний замаар дугуй, цахилгаан моторт дугуй, мопед явах хориотой байдаг. Өндөр хөгжилтэй оронд энэ дүрэм маш нарийн хэрэгждэг. Манайд дугуйн тусгайлсан зам байхгүй шахам болохоор явган хүний замаар дээрх тээврийн хэрэгсэл унасан хүүхэд, залуус дураараа давхилдаж байна. 2024 онд 400 гаруй хүн скүүтэр, суррон, дугуйтай холбоотой осолд өртөж, гурван хүн алтан амиа алдсан талаар гэмтлийн эмч нар анхааруулж байгааг хаа хаанаа анхаарах цаг болжээ. Ялангуяа хотын захиргаа үүнд онцгой анхаарал хандуулах учиртай.
Д.Лхагва