“Хүүхэд, залуус эвдэрч байна. Хэрэг төвөг их өдүүлэх боллоо. Хуулиа чангал. Шоронд хатаа. Цаазын ялыг сэргээе” гэх занал зүхэл сошиалаар дүүрэн хөврөх боллоо. Өсвөр үе, залуучуудын хүмүүжил эвгүй байгаа нь үнэн. Гэхдээ нийтээр нь хамруулж дүгнэж болохгүй. Хамгийн гол нь хүүхдүүд яагаад хэрэг хийж, архи тамхи, бусад гаж хэрэглээнд автаад байгаагийн цаад учир шалтгааныг зөв оношилж, тэр хүрээнд ажиллах ёстой биз дээ?
Хүүхдийн хүмүүжил ерөөсөө л эцэг, эхийнх нь тусгал байдаг. Бас нийгмийн нөлөө гэж бий. Энэ сошиал орчин дахь зэрлэг үг хэллэг, ёрын пост, коммент, бичлэг зэрэг нь хүүхэд залуусын ухаан бодлыг бохир замаар хөтлөх хүчтэй багш нь болчихоод удаж байна!!! Хүүхдийг зөв хүмүүжүүлэх, ард түмнийг гэгээрүүлэх, нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэхэд хүүхдээ өмөөрдөг эцэг, эх, мөн ном эрдэм заадаг багш нар чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Төр засаг, салбарын яамдын бодлого, оролцоо ч үгүйлэгдэж байна. Ийм олон хүчин зүйлийн нөлөө алдагдсанаас болоод гэнэн томоогүй насныхан алдаа гаргаад байгааг олж харалгүй хуулиа чангал, шоронд хатаа, ал цаазла гэж орилж болох уу?! Эцэг, эх нь өөрсдөө төлөвшөөгүй, багш нарын сурган хүмүүжүүлэх арга ухаан дутсан, нийгмийн сэтгэлзүй ороо бусгаа, дээр дооргүй хэрүүл тэмцэлтэй үед хууль хэчнээн чанга байгаад, шоронгоор хүмүүжүүлэх гээд нэмэргүй!!! Чадахгүй. Тэгээд ч манай хууль сулдаагүй. Илүү уян хатан болгох шаардлага бий юү гэвэл бий. Нэг зүйлийг л ойлгоё. Энэ чинь 21 дүгээр зуун!!! Хүүхэд, залууст зөв төлөвших орчин, хандлага хэрэгтэй!
Д.Лхагва