Хархорин зах нь замын урд болон хойд хэсгээрээ Баянгол, Сонгинохайрхан дүүргээр зааглагддаг. Өмнө нь огт анзаардаггүй, анзаарсан ч тоодоггүй байсан. Захын гаднах явган хүний зам дээр цаасан хайрцаг, даавуун дээр дэлгэж тавьсан бараануудыг би сая л нухацтай гэгч нь харж хэсэг зогслоо. Захын урд машин, явган зорчигчид түгжирч байгаа нь нэг л бүүдгэр. Зам дагуу эмх цэгцгүй өрсөн хир тоос, утаа униарт идэгдсэн бараа бүтээгдэхүүнийг хэн ч худалдаж авах билээ дээ гэж бодсон миний бодол буруу байж. Энд чинь амьдрал буцалдаг юм байна. Хүн хараад нүд хужирлах ганц ч өнгөлөг зүйл байхгүй, “хог” л гэсэн үг. Харин “хог” нэртэй эдгээр бараа нь 500 төгрөгөөс 20 мянган төгрөгийн үнээр хэрэгтэй хүндээ эд болон очдог аж. Хэдэн цагаар ч хамаагүй гадаа хүйтнийг үл ажиран зогсдог наймаачид энд ганц л зорилготой ирсэн биз…
Энд байхгүй зүйл гэж алга зэвэрсэн тогооны тагнаас авaхуулаад тоосонд дарагдсан хүүхдийн тоглоом, хэзээ ч юм ашиглаж байсан зай хүртэл. Ажиглаад байхад энд зогсож буй хүмүүсийг хоёр ангилаж болохоор. Өдрийн хоолоо залгуулах гэж даарч хөрөхийг үл огоорон амьдралын төлөө зогсож буй хүмүүс, ганц шил архины мөнгө олох гэж арай ядан хөл дээрээ тогтох халамцуу, хөлчүү хүмүүс ч цөөнгүй.
Сонсъё гэж сонсоогүй ч тэдгээр хүмүүсийн нэг шил юмны мөнгө мулталчихаад явъя хэмээн ярьцгаах нь манай улсад аль хэдийнэ сонин биш болсон үзэгдэл. Биднийг очих үед 10 гаруй иргэд дэлгэж тавьсан бараагаа худалдаж байлаа. Олны дундаас нүдэнд содон туссан нэгэн эмэгтэйн дэргэд очоод хэсэг зуух ярилцлаа.
Түүнийг Б гэдэг бөгөөд энд 3 дахь жилтэйгээ зогсож буй аж. Амьдралын эрхээр л энд худалдаа хийж байгаа нь энэ. Одоо 58 настай. Нөхөр, зээгийн хамт амьдардаг. Тэтгэврийн насны нөхөр нь хөл муутай учраас гэртээ хүүхдээ хараад үлддэг. Тиймээс энэ эмэгтэй гэр бүлээ тэжээхийн тулд ганцаараа өвлийн хүйтэнд зөрж өнгөрсөн хүмүүсийг царайчлан зогсох болжээ.
-Та өдөрт дунджаар хэдий хэмжээний орлого олдог вэ?
-Эгчид нь тогтмол орлого гэж байхгүй. Зарим өдөрт хоосон буцах ч тохиолдол гарна. Гэхдээ дараа өдөр орлоготой буух байх гэсэн найдвар тээгээд л өдөр болгон ирж зогсдог. Тэтгэвэр тавьж эхэлсэн эхний 10 хоногт орлого гайгүй байдаг. Харин зарим өдөрт 40-50 мянган төгрөгтэй ч харин нь бий.
“Та өөрөөр хөдөлмөр эрхлэе гэж бодож байв уу?” хэмээн намайг асуувал тэрбээр өмнө нь жижигхэн мухлаг ажиллуулдаг байсан ч дийлэхээ болиод энд зогсож байгаагаа нуусангүй. Өөр тогтмол цалинтай газар ажиллахыг хүсдэг тухайгаа ч хэлэв. Харамсалтай нь хэдэн жилийн өмнө ослын улмаас нэг нүдээ алдсан, мөн тэтгэврийн насны хүн гэх шалтгаанаар түүнийг ажилд авахаас татгалздаг байна. Тэрээр хүүхдийнхээ багадсан хувцас болон хол ойрын танил, заримдаа хэн нэгнээс хямдхан бараа худалдаж авах үе бий. Энэ бүхэнд буруутан хайсангүй өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөн амьдралаа чадан ядан авч яваа нэгэн. Түүний зарж буй бараа 1000-20000 төгрөгийн үнэтэй. Элэгдэж хуучирсан гутал, цүнх, куртик, хүүхдийн тоглоом, үсний боолт, сам, малгай, гар утасны гэр зэрэг зарж болох бүгдийг л зардаг. Намайг хүлээж байх зуур хуучин хүрэм, ноолууран малгай зараад амжсан. Ноолууран малгайгаа 10 мянган төгрөгөөр зарах байсан ч үнийг нь буулган 8000 төгрөг болгов. Түүний малгайг авахаар сонирхон ирэх ширхэгийн хоол зардаг эгч малгайг чинь би 8 мантуун буузаар солиод авъя гэх нь ч бий. Задгай талбайд зөвшөөрөлгүй хуучин эд зүйлс зарж байгаа ч лангуун дээр зогсдог зарим худалдагч нараас хавь илүү бараагаа тайлбарлаж найрсаг хандаж байгаа нь дулаахан мэдрэмж төрүүлмээр.
Энд харагдаж байгаа хүүхдийн тоглоом 5000 төгрөгийн үнэтэй, харин хуруу зай 500 төгрөг. Энэ өвөрмөц орчинд хүний хөдөлгөөн огт тасрахгүй нь хачирхалтай. Эндээс бараа авч буй хүмүүс ч олон. Хэн нэгний нүдээр энийг хүн тоож авахгүйдээ гэсэн болгон өөр нэгэнд нь хэрэгцээтэй. Энд зогсож байгаа хүмүүс хоёр идэхгүй хоосон хонохгүй…Хорвоогийн өдөр хоног зарим хүнд хотын утаа шиг бүүдгэр өнгөтэйгөөр улиран одсоор…
МУИС-ийн Сэтгүүлзүйн 4 дүгээр курсын оюутан Б.Мөнхгэрэл