Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль өнөөдөр телевизээр үг хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт онц байдал зарласан нь зөв шийдвэр байсан бөгөөд хуйвалдаан зохион байгуулсан гэж өөрийг нь буруутгаж буйг няцаажээ.
Тэрбээр уг шийдвэрийг гаргах болсон шалтгааныг тайлбарлахдаа, улс үндэстнээ хамгаалах, төрийн үйл ажиллагааг хэвийн байдлаар явуулахын тулд онц байдал зарласан гэжээ.
Өөрийг нь огцрохыг уриалж буйг Юн Сог Ёль няцаагаад, импичментийг урвуулан ашиглаж буй сөрөг хүчнийг буруутгасан бөгөөд эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна. “Надад импичмент зарлах, намайг мөрдөн шалгах эсэхээс үл хамааран би энэ бүхний эсрэг шударгаар сөрөн зогсох болно” гэж тэрбээр хэлснийг Ёнхап агентлаг эш татжээ.
Өмнө нь импичментийн эсрэг байр суурьтай байсан эрх баригч “Ардын хүч” намын дарга Хан Дон Хун Ерөнхийлөгчийг телевизээр үг хэлэхийн өмнө импичментийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Тус намын байр сууриас шалтгаалан өнгөрсөн амралтын өдрүүдэд болох байсан импичментийн асуудлаарх санал хураалт тасалдсан бөгөөд ирэх бямба гарагт болох төлөвтэй байна.
“Дараагийн санал хураалтын үеэр манай намаас сонгогдсон хууль тогтоогчид хурлын танхимд орж, өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгөх нь зүйтэй” гэж Хан Дон Хун хэлжээ. Импичментийг дэмжиж байна уу гэсэн асуултад тэрбээр “тийм” гэж хариулаад “өөр арга зам алга” гэлээ.
Одоогоор Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавиад байгаа бөгөөд онц байдал тогтоосонтой холбоотой хэрэг явдлыг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Лхагва гарагт цагдаа нар Ерөнхийлөгчийн ордонд нэгжлэг хийхээр очсон боловч хамгаалалтын албаныхан тэднийг дотогш нэвтрүүлээгүй ажээ.
Үүний дараахан Ерөнхийлөгчийн тамгын газраас зарим баримт бичгүүдийг мөрдөгчдөд хүлээлгэн өгсөн байна BBC мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.