Нээлттэй нийгэм форумын судлаач Д.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Дэлхийн маш олон оронд энэ жил сонгууль явагдаж байна. Эдгээрээс Азийн бүс нутгийн сонгуулиудын онцлог, үр дүнгийн талаар ярихгүй юу?
-2024 он сонгуулийн супер жил боллоо. Гурван тэрбум шахуу сонгогч оролцсон 80 орчим сонгууль дэлхий даяар болж байгаа талаар олон улсын байгууллагууд мэдээлж байна. Азид нэгдүгээр сараас томоохон сонгуулиуд эхлээд боллоо. Жишээлбэл, Японы сонгууль 2024 оны аравдугаар сарын 27-нд болсон байна. Монгол Улстай ардчиллаараа ойролцоо яваа улсуудын нэг Тайванийн сонгууль нэгдүгээр сарын 10-нд, Өмнөд Солонгосын сонгууль дөрөвдүгээр сарын 10-нд болсон байна. Энэтхэгт Азидаа хамгийн том сонгууль зургадугаар сарын 1-нд, Индонезэд 204 сая сонгогч оролцсон том сонгууль энэ оны хоёрдугаар сарын 14-нд болсон байна. Монгол Улсын сонгууль өнгөрсөн зургадугаар сарын 29-нд болсон. Энэ мэтээр Азид сонгуулиуд шил шилээ дараад боллоо.
-Сонгууль бол ардчиллыг хэмжих эхний чухал хэмжүүр гэдэг?
-Ардчилсан тогтолцоог сонгуулиа хийж чадаж байна уу, ард түмнийхээ хүсэл зорилгод нийцсэн засаг бүрдэж чадаж байна уу, үгүй юү гэдгээр хэмждэг шүү дээ. Дээрх улсуудын жишээнээс үзвэл, сонгуулиуд харьцангуй гайгүй, хүчирхийлэлгүй, тайван болж өнгөрлөө. Монголын сонгууль ч тайван боллоо. Хоёрдугаар үзүүлэлт нь сонгогчдын ирц. Сонгуульд итгэж байгаа бол иргэд сонгуульдаа идэвхтэй оролцоно. Тэр үзүүлэлт манай бүс нутагт харьцангуй гайгүй байгаа нь харагдлаа. Монголд ч гэсэн урд жилүүдийнхээс буурсан ч гэлээ чамлахааргүй 69.8 буюу бараг 70 хувийн ирцтэй орсон. Япон хамгийн бага 53.8 хувь байсан. Индонез энэ бүс нутагтаа 71 хувьтай, Тайвань 71 хувьтай, манайхаас арай жаахан дээр байх жишээтэй. Өмнөд Солонгос 66.9 хувь, Энэтхэг 66.6 хувьтай, нийт 968 сая 821 мянган хүн оролцсон. Сонгогчид идэвхтэй оролцож байна гэдэг сонгуулийн үр дүнгээр тодорхой хэмжээний өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна гэсэн үг шүү дээ.
-Сөрөг хүчнийг илүү дэмжсэн нь дэлхийн сонгуулиудын энэ жилийн нэг онцлог болов уу?
-Монголыг оруулаад сөрөг хүчнүүдийг дэмжиж, саналаа өгч байгаа байдал бүх улсад харагдаж байна. Жишээ нь, Японд болсон сонгуулийн тухайд ярихад, 2009 оноос хойш анх удаа эрх барьж байгаа томоохон нам анх удаа олонх болж чадсангүй. Тайваньд бас Ардчилсан намдаа илүү итгэл үзүүлэх байдал харагдсан. Хууль тогтоох байгууллагадаа эрх барьж байгаа нам нь төдийлөн хангалттай суудал авч чадаагүй байдал харагдсан. Солонгос маш сонирхолтой, одоогийн ерөнхийлөгчийнх нь нам олонх болж чадаагүй. Энэтхэгт Модигийн нам олон суудал авч чадсан ч гэлээ анх удаа сөрөг хүчний эвсэлд маш их суудал очлоо.
-Монголын хувьд?
-Эрх барьж байгаа нам 68 суудал авчихаад, бусад намуудад 58 суудал очсон. Өөрөөр хэлбэл, нийт суудлынх нь 46 хувь сөрөг хүчинд очиж байна. Энэ нь маш өндөр үзүүлэлт болж таарч байна. 2016 онд манай эрх баригч нам 65 суудалтай, нөгөөдүүл нь 11, 2020 онд 62, нөгөөдүүл нь 15 суудалтай гээд сөрөг хүчинд орон зай нэг их байхгүй байсан. Гэтэл 2024 оны сонгуулиар Монголын сонгуульд ижил хандлага харагдаж байна. Эндээс сонгогчид парламентын ардчилалд гүйцэтгэх үүрэг, ялангуяа сөрөг хүчний үүргийг чухалд үзэж байна гэсэн үг. Сонгуулийн дараа парламентад хамгийн их суудалтай гурван нам нэгдээд, эвсэл болсон. Хамтарсан засгийн газарт Ардчилсан нам 42, ХҮН нам 8 гээд, түрүүний хэлсэн 58 суудлаас 50 нь алга болчихож байгаа биз дээ. Сонгогчид түрүүн хэлсэн 46 хувийг нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэ гээд сонгосны дараа 6.3 хувь болгоод одоо бууруулчихаж байна.
-Саяхан та Азид болсон сонгуулиудыг дүгнэсэн томоохон уулзалтад оролцоод иржээ. Тэнд юуг онцолсон талаар ярихгүй юу?
-Үндсэн хуулийн эрх зүйчид, улс төр судлаачдын дугуй ширээний уулзалт болсон. Түүн дээр Азид ардчилал ухарч байна гэж дүгнэх үү, эсвэл урагшилж байна гэж дүгнэх үү гэдгийг олон талаас нь хэлэлцлээ. Нэг сонирхолтой жишээ яригдсан нь сөрөг хүчний оролцооны тухай асуудал байсан. Монгол, Индонез хоёрыг их сонирхолтой жишээ болгож ярилаа. Эрх баригч нам нь бараг стандарт бус хамтарсан Засгийн газар үүсгэсэн байна. Жишээлбэл, Индонезийн сонгуулийн үр дүнд найман нам парламентад орж ирсний долоо нь эвслийн Засгийн газартаа орсон байна. Монголд ч бас яг ийм ижил юм яваад байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө эрх баригч намын зүгээс сөрөг хүчнийг хүчгүйдүүлэх тактик явуулж байгаа юм. Энэ нь ардчилалд тийм таатай юм биш.
-Улс төр судлаачдын хувьд сөрөг хүчнийг хүчгүйдүүлэх тактикийн талаар ямар байр суурь илэрхийлж байсан бэ?
-Тэд намыг артельчлах үзэгдэл буюу гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж чадахгүйгээр эрх баригч намаа сөрөх чадваргүй болж байгааг хэлж байна. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний үндсэн чиг үүрэг нь бодлогын оновчтой алтернатив хувилбар олонход санал болгох, улмаар гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн үйл ажиллагааны ил тод, шударга, үр ашигтай байдлыг хангах, төрийн байгууллагуудын болон албан тушаалтны зүгээс эрх мэдлээ урвуулан ашиглахаас сэргийлэх үндсэн дээр нийтийн эрх ашгийг хамгаалах явдал юм гэж Олон улсын парламент хоорондын холбооноос гаргасан тодорхойлолт байдаг. Энэ үүргүүдээ гүйцэтгэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь Монголд бас ажиглагдаж байна.
-Жишээ татаж ярихгүй юу?
-Монгол Улсын 2025 оны төсөв хэлэлцэх явцыг бид харлаа. Ерөнхийлөгч бараг л сөрөг хүчний үүргийг гүйцэтгэлээ. Сөрөг хүчний гол намаас мэдээж ганц нэг гишүүн маш их идэвхтэй байсныг хүмүүс харсан болохоор их дэмжлээ. Гэхдээ манай сөрөг хүчнүүд үүргээ хангалттай сайн гүйцэтгээгүй гэж хүмүүс нэлээд шүүмжилж байна. Дээрээс нь төсвийн хажуугаар яригдаж буй бас нэг асуудал бол Улс төрийн намын тухай хуулийг хойшлуулах асуудал. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өөрчлөлтийг дэмжихгүй, энэ хууль маш чухал, явж байх ёстой гэж байхад тус бүлгээс засагт орсон гишүүд эсэргүүцэж, дотроо нэлээд хуваагдсан байдал харагдаад байгаа юм. Яг эрх барьж байгаа намаас, Засгийн газраас гаргаж ирж байгаа үндэслэлүүдийг хэлээд, яг тэр намын хүмүүс шиг хуулийн төслийг дэмжсэн байдалтай явж байгаагаас алтернатив буюу өөр өөр бодлогын хувилбар, өөр өөр мэтгэлцээнүүд ажиглагдахгүй нэг талдаа гарчихаж байгаа юм. Эндээс сонгогчид ч мэдээлэл авахад их ойлгомжгүй болчихож байна. Парламент хэний төлөө ажиллаад байна вэ гэдэг нь ч эргэлзээтэй болчихож байгаа юм. Энэ нь парламентын төлөөллийн чанарыг дээшлүүлэх, парламентын ардчилсан тогтолцоонд гүйцэтгэх үүргийг илүү үр дүнтэй болгох гэсэн, өмнөх 2019 онд Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаад явсан олон том реформыг хойш нь чангааж, түүнийг саармагжуулаад байна уу гэсэн бодол надад байгаа юм.
-Манайд сөрөг хүчний нөлөөг багасгахын тулд ямар тактик хэрэглэж байна гэж үзэж байна вэ?
-Азийн дугуй ширээний уулзалт дээр яригдсан. Сөрөг хүчний нөлөөг багасгахын тулд ямар тактик хэрэглэж байна вэ гэхээр нэн яаралтай горимоор хуулийг олон нийтээр хэлэлцүүлдэггүй, мэтгэлцүүлдэггүй баталдаг тактик хэрэглэж байна. Энэ бас Монголд ажиглагдаж байна. 2020-2024 онд нийтдээ 260 хуулийг парламент баталжээ. Үүний 131 нь бие даасан хууль байсан байна. Энэ дотроос 13-ыг нь нэн яаралтай гэдэг горимоор баталжээ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн мэтгэлцээн явагдах, олон нийт хэлэлцэх бололцоогүйгээр баталсан нь ажиглагдсан. Энэ бол ардчиллаас ухарч байгаа парламентуудын муу тактикийн нэг жишээ болж яригдаж байгаа юм.
-Сөрөг хүчний оролцоог хэрхэн хангах боломжтой вэ?
-Сөрөг хүчний оролцоог хангахтай холбоотой нэг тоо хэлье. УИХ-д бүлэг байгуулах тухайд яг сонгуулиас өмнөхөн яарч баталсан хоёр, гурван хууль байгаа. Түүний нэг нь УИХ-ын дэгийн тухай хууль. Энэ хуулинд үг хэлэх эрхийг нэлээн хязгаарласан заалт орж ирсэн. Уг нь үг хэлэх эрх УИХ-ын гишүүний гол эрх юм. Одоо хэн үг хэлэх вэ гэдгийг авсан суудлынх нь тоог харж байгаад, хувь тэнцүүлсэн байдлаар цаг хуваарилчихаж байна. Тэгэхээр цөөнхөд олдож байгаа цаг багасаад, бүлэгтэй цөөнхөд өөр, бүлэггүй цөөнхөд бүр хэцүү болчихож байна.
-Энэ хуулийг хэлэлцэж байхад иргэний нийгмийнхэн ихэд шүүмжилсэн санагдаж байна?
-Солонгост авсан суудлыг нь үндэслээд, үг хэлэх хугацааг нь хуваарилж өгч байгаа ч гэсэн гишүүндээ таван минут чөлөөтэй үг хэлэх эрхийг нь өгч байна. Өөрөөр хэлбэл, үг хэлэх эрхийг нь хязгаарладаггүй. Манайх олон улсад байхгүй зүйлийг хуульчилсан байна. Зөвхөн урьдчилж мэдэгддэг. Дүрэм зөрчвөл гишүүнээ үг хэлүүлэхгүй, хөөж гаргах гэсэн өндөр хариуцлага Дэгийн тухай хуулиндаа суулгаад өгчихсөн. Тэгэхээр яг ардчилсан парламент шиг ажиллаж чадах уу, үгүй юү гэдэг нь бас эргэлзээтэй болж эхэлж байгаа. Байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал байвал урьдчилж мэдэгдэнэ гэж байгаа. Гэтэл байнгын хорооны хурал хэзээ болох нь тодорхойгүй байж байснаа гэнэт болчихоор горимын санал оруулах бололцоогүй болдог, амьдрал дээр үнэхээр бидний дуу хоолойг хорьсон дэг болчихжээ гэдгийг УИХ-ын гишүүд өөрсдөө ярьж байна.
-Сөрөг хүчнийг хүчтэй байлгах ямар боломж бий вэ?
-Парламент дахь цөөнхийн оролцоог бид яриад байгаа юм. Бүлэг байгуулах босго бий. Үүнийг бас манай улс сонгуулиас өмнө өөрчилсөн. Хуучин 76 гишүүнтэй байхад 9 байсан, одоо 10 болгочихож байна. Үүнийг бид багасгах шаардлагатай. Намууд эвссэний дараа үлдсэн 6.3 хувь нь л сөрөг хүчин хийх гээд байна. Тэгэхээр манайд эд нарт ямар дуу хоолой хүргэх вэ, ямар эрх мэдэл өгөх вэ гэдэг асуудлыг нухацтай хэлэлцэхээс өөр арга байхгүй. Бүлэг байгуулах олон янзын бололцоо байна. Манайх 10 хувь гээд нэгэнт тогтсон бол зарим газар хуулийнхаа хүрээнд бүлэггүй гишүүд нийлж бүлэг байгуулах боломж олгож байгаа. Бүлэгтэй болно гэдэг чинь тодорхой хэмжээнд хүмүүс авч ажиллуулна, тодорхой хэмжээнд нөөц бололцоо, илүү үр дүнтэй ажиллах боломж бүрдэнэ. Тийм учраас их чухал.
-Одоогийн хуульд 10 хувь гээд туссан?
-Энэ нь 126 гишүүний 7.9 хувь байхгүй юу. Энэ босгыг бусад улсуудтай харьцуулж үзсэн. Канадын парламентын доод танхим 3.6, манай хамгийн их дуурайх дуртай Германы бундестаг таван хувь, Эстонийн парламент 4.9 хувь гээд уг нь гайгүй ардчилалтай явж байгаа улсуудын хувьд бага байгаа. Солонгосын хувьд 6.6 хувь. Тэгэхээр бид 7.9 гэдэг хувиа бууруулаад, бодит байдлаа харж байгаад, орж ирсэн цөөнхдөө бүлэг байгуулах хэмжээнд боломж олгох асуудлыг эргэж харах шаардлагатай гэх маягаар манай парламент цөөнхийн, сөрөг хүчний оролцоог ялангуяа хяналт тавих, үг хэлэх оролцоог хумих тактиктай хуулийн өөрчлөлтүүд явчихжээ гэж би дүгнэж байна. Дээрээс нь үүний ард бидний хамгийн их айж, эмзэглэдэг зүйл бол нийтийн эрх ашгийн талд биш, хоорондоо эвсэж үгсэж, улс төрийн явцуу зорилгоор илүү үйл ажиллагаа явуулдаг артельчлах үзэгдэл рүү бид ерөнхийдөө явж байх вий дээ гэсэн болгоомжлол байна. Бид арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт “Blue Mon”-д энэ олон тоо болон сонгуулийн үр дүнг харьцуулсан, эндээс гарах дүгнэлтүүдийг танилцуулсан үзэсгэлэн гаргаж байна. Улс төр судлаачдын цуврал ярилцлагууд явна. Улс төр сонирхдог, сонгуулийн үр дүн улс төрд яаж нөлөөлж байгаа дүн шинжилгээг сонирхож буй хүмүүс тэнд очоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Эх сурвалж: Д.ЭРДЭНЭТУЯА. Өдрийн сонин.