1990 оноос өмнө монголчууд том, жижиггүй, хот, хөдөөгүй ном уншдаг байлаа. Малчин өвгөн “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Морь унасан толгойгүй хүн”, “Дөлгөөн дон”, “Анна Каренина” романыг захиж байхыг харж л явлаа. Дандаа дэлхийн болон Монголын сонгодог зохиолуудад шунан дурлаж, тэр чинээгээр амьдралыг өөр нүдээр хардаг байсан юм. Гэтэл өнөөдөр байдал огт өөр болсон байна. Ном уншдаг хүн ховорджээ. Оюуны хөдөлмөрийг, оюуны их авьяасыг үнэлдэг хүнтэй цөөхөн таарч байна.
Материаллаг сонирхол дийлээд ирэхээр хүн гэдэг амьтан мөн ч амархан үндсэн чанараа алдана даа. Үр дагавар нь амьдралын сүйрэл. Сошиал гарснаас хойш юм болгоныг муулж, хүн болгоныг хараан гүтгэдэг муухай үзэгдэл хүний оюун ухаанд дийлэх боллоо. 1990 оноос өмнө хүний өмнөөс муухай харчихаад санаа нь зовдог бсан юм. Гэтэл одоо нэг ч удаа уулзаж үзээгүй хүнийг аль муухай үгээр дайрч доромжилж, түүнээсээ таашаал авдаг гаж донтой болчихож. Талархаж мэддэггүй, аливааг дандаа сөргөөр хардаг сошиалын хиймэл зомби сэтгэлгээг хязгаарлах цаг болжээ!
Д.Лхагва