Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц өнөөдөр Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах шийдвэрийг баталжээ. Ингэснээр өнгөрсөн 12 дугаар сард онц байдал тогтоосон түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Мүн Хён Бэ шийдвэрийг уншиж танилцуулж буйг телевизээр шууд дамжуулсан бөгөөд уг шийдвэр тэр даруйдаа хүчин төгөлдөр болжээ. Ингэснээр 60 хоногийн дотор Юн Сог Ёлийн халааг авах хүнийг сонгох ээлжит бус сонгуулийг явуулах ёстой боллоо. Сонгууль зургаадугаар сарын 3-нд болох төлөвтэй байна.
12 дугаар сарын 3-нд Үндсэн хууль зөрчин онц байдал зарлаж, Үндэсний Ассамблейд цэргүүдийг нэвтрүүлсэн гэх үндэслэлээр Юн Сог Ёлийг огцруулах тухай шийдвэрийг сөрөг хүчнийхэн олонх болж буй Үндэсний Ассамблей 12 дугаар сарын дундуур гаргасан юм. Харин Юн Сог Ёль өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр иржээ.
Эрх баригч “Ардын хүч” нам шүүхийн шийдвэрийг “хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгдсэн бол сөрөг хүчин болох Ардчилсан нам үүнийг “ард түмний ялалт” хэмээн сайшаан хүлээн авсан байна.
Үндсэн хуулийн цэц эцсийн сонсголын дараа ерөнхийлөгчийг огцруулах тухай шийдвэрийг гаргахад 38 хоногийг зарцуулсан нь ийм шийдвэрийг хамгийн урт хугацаанд гаргасан тохиолдол болжээ. Өмнө нь Ерөнхийлөгч асан Ро Му Хён, Пак Гын Хэ нарт холбогдох шийдвэрийг гаргахад 14 ба 11 хоног зарцуулж байлаа.
Харин Үндэсний Ассамблей импичмент зарлах хүсэлтийг 12 дугаар сарын 14-нд цэцэд хүргүүлснээс хойш 111 хоногийн дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Юн Сог Ёль импичментээс гадна үймээн самуун дэгдээсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа юм. Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сард мөрдөгчид баривчилж, гуравдугаар сарын 8-нд шүүхээс баривчлах зөвшөөрлийг хүчингүй гэж үзэн суллах хүртэл цагдан хорих төвд саатуулжээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.