Монгол Улсын Засгийн газраас байгалийн давагдашгүй хүчин зүйл зудад зутарч, хүн малгүй улдаж ядарсан малчдадаа зориулаад “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнийг өрнүүлсэн билээ. Хөдөөгийн бодлогыг “хөл дээр нь босгох” энэхүү хөдөлгөөн нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийж буй томоохон ажлын нэг юм. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнөөр 5-10 жилийн хугацаанд таван их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор батлан, орон даяар хэрэгжүүлэх хэлэлцээг Монголбанк болон арилжааны банкуудтай хийж дуусгаад байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоршоо болон хоршооны гишүүн малчдад олгох хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс гаргахад бэлэн гэдгээ өмнө нь ч илэрхийлж байсан билээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Дөрвөн хүн тутмын нэг нь чинээлэг амьдрах боломжтой
Арилжааны долоон банк тус хөдөлгөөнийг дэмжин хөрөнгө оруулалтын зээл өгөх боломжтойгоо илэрхийлэн санхүүжилтийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслол Монголбанкны төв байранд болсон бөгөөд ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцлоо.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ЗГХЭГ, ХХААХҮЯ, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан, Монголбанк, арилжааны банкуудын төлөөлөл зээлийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурж хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна. Арилжааны банкууд энэхүү хөдөлгөөнийг дэмжиж, өөрийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч байна гэсэн үг. Хүүгийн татаасыг Засгийн газар хариуцна. Жилийн зургаан хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай зээл олгохоор боллоо. Арилжааны банкууд энэхүү зээлийг маш оновчтой хөрөнгө оруулалтын хэлбэр гэж дүгнэж байна. Зөвхөн ХААН, Төрийн банк биш арилжааны долоон банк хүлээн зөвшөөрсөн. Хөдөө орон нутагт нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг. Гэтэл тийшээ арилжааны банкуудын хөрөнгө оруулалтын зээл маш бага хэмжээтэй гардаг. Мөн хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д үзүүлж буй нөлөөлөл нь 10-15 хувьтай байна. Энэ салбарыг нийт олгож буй хөрөнгө оруулалтын зээлийн тавхан хувь нь дэмждэг. Уул уурхай, худалдаа хөгжил, барилгын салбарт арилжааны банкнаас олгож буй зээлийн 95 хувийг эзэлж байна. Тэгэхээр арилжааны банкууд орон нутагт хөрөнгө оруулалтын зээл олгох боломжийг нэмэгдүүлэхийг сонирхон дэмжиж байна. Арилжааны банкнаас зээл авч буй зээлдэгчдийн 20 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт оногддог байж тэнцвэртэй хөгжих боломж бүрдэнэ. Тэгэхээр Засгийн газраас санаачилсан “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөн амьдрал дээр хэрэгжих боломжтойг банк, санхүүгийн сектор хүлээн зөвшөөрч дэмжиж буй нь нэг сайн үзүүлэлт юм. Мөн хоршооны гишүүн малчны зээлийг бодитой болгосноор нийт ажиллах хүчний 24 хувийг эзэлж байгаа мал аж ахуйн салбарын ажилтан, хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар сайжрах боломжийг бүрдүүлж өгч байна. Мал аж ахуйн салбарынхны сарын дундаж орлого 1.5 сая, сарын зарлага 2.1 сая буюу сар тутамд алдагдалтай ажиллаж, амьдарч байна. Иймд энэхүү хөрөнгө оруулалтын зээлийг олгосноор илүү чинээлэг мал аж ахуйн салбарыг бий болгох, энэ салбарт ажиллаж буй дөрвөн хүн тутмын нэг нь илүү чинээлэг амьдралын чанартай болох боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр таван жилийн хугацаанд бидний хүсэж буй үр дүн гарна. Энэ нь амьдралын чанарыг гурав дахин нэмэгдүүлэх, ДНБ-д үзүүлэх нөлөөллийг мөн гурав дахин сайжруулах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газраас үзэж байна” гэж байр сууриа илэрхийлэв.
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах, байгалийн бэрхшээлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах улмаар мал аж ахуйн салбар ба малчдын ажил амьдралыг шинэ шатанд гаргахад чиглэгдсэн урт хугацааны бодлогын хөтөлбөр болох “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний санхүүжилт ийнхүү шийдэгдлээ.
Малчид: МЭДЭМХИЙ ЗАРИМ НЬ МЭДЭЭЛЭЛГҮЙ НЭГНЭЭ ХОХИРООХ ВИЙ
Монгол Улсад хоршоо үүсэж хөгжөөд нэгэн зууны “нүүр үзэж” байгаа. Гэхдээ л яг хоршоо байгуулахдаа хүрэхэд малчдад мэдэхгүй, чадахгүйн бэрхшээл саад гарч ирэх нь мэдээж. Хал үзэж хашир суусан зарим малчин “Мэдэмхий зарим нь санхүүгийн мэдлэг, мэдээлэлгүй нэгнээ хөлдөө чирэн хохироох вий” болгоомжлон сануулж байна. Энэхүү хөдөлгөөний талаар Говь-Алтай, Булган, Хэнтийгээс ах дүү, ойр дотны нэгэн рүүгээ залган асууж байна. Энд ах дүү, хамаатнууд маань мал аж ахуй эрхэлж, уламжлалт бэлчээрийн аж ахуйг өөрсдийн бүл чадлаараа тээгээд, хөгжүүлээд, ахуй амьдралаа залгуулан аж төрж суугаа. Сүүлийн үед хоршоолох, нэгдэх, хамтрах, ажлаа хөнгөвчлөх, бүл хүчээ зөв хуваарилах тухай ярьж, хэлэх нь их болсон. Намар хадлан бэлтгэх, цагаан идээгээ боловсруулах, борлуулах, өвөл идэш уушаа базаах, зах зээлд нь хүргэн зарах, хэдэн малаа онд мэнд оруулах, хашаа хороогоо сайжруулах, худаг ус гаргах гээд барагдахгүй их ажил тосдог. Хонио ноослох, ямаа самнах гээд ажил барагдахгүй. Малын арьс шир, ноос, ноолуураа үнэд хүргэх, үнэ цэнтэй болгоход энэ “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөн их, бага хэмжээгээр ашиг тусаа өгнө байх гэж найдаж байна гэх зэргээр ярьж байгаа тухай цахим орчинд нийтлэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, үүний учрыг олж, хужрыг тунгаах гэсэн “Мянган мэргэжлийн эзэн” малчид маань эх орны өнцөг, булан бүрд байгаа. Тэгвэл үүнийг бас урьдчилан тооцоолжээ. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх 1400 төрийн албан хаагч орон нутагт очиж, малчдаа чиглүүлж зүглүүлэх юм байна.
Төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгөөд эхэлчихсэн. Хэд хэдэн аймагт бүсчилсэн уулзалтыг зохион байгуулсан бөгөөд хамгийн сүүлд Хойд бүсэд “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний нээлтийг хийсэн билээ. Энэхүү уулзалтад Орхон, Булган, Хөвсгөл аймгийн 1380 гаруй малчин хүрэлцэн ирж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний талаар мэдээлэл авч, санал хүсэлтээ солилцсон юм.
Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган “Энэхүү “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөн бол мал аж ахуйн салбарын сэргэн мандалт, түүхэн шийдвэр гэж харж байна. Тиймээс энэхүү хөдөлгөөнийг Эрдэнэбулганаас, улс төрийн намаас, сонгуулиас, хот хөдөөгийн ялгаанаас салгах хэрэгтэй. Малчдад зээл олгодог нь юу вэ гэдэг аахар шаахар бодлоос салгах хэрэгтэй. Тархины хэмжээгээрээ сэтгэдэг хов живнээс салгах хэрэгтэй. Малчид олдсон боломжийг ашиглаад өндийж босож ирэх хэрэгтэй. Малчин хүн өөртөө итгэ гэж хэлж байна. Монгол хүн бие биедээ итгэ гэж байна. Өнөөдөр дөрвөн хүн тутмын нэг нь малчин шүү. Энэ зээлийн санхүүжилтийг хөдөөд өгч байгаа нэртэй ч Монголын эдийн засгаа тэлэхээр дэмжиж байгаа алсыг том зургаар нь харсан хөтөлбөр юм. Би бол үүнийг үндэстний сэргэн мандах хөдөлгөөн гэж харж байна. Тиймээс малчид бид энэ боломжийг тултал нь ашиглах ёстой. Би хувьдаа хоршоондоо аль болох олон малчин элсүүлэх хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл, би өвлөөс өмнө ажлаа амжуулахара яарч байна. Бид хоршоогоо өвөлждөг амныхаа нэрээр нэрлэсэн. Юу хийх вэ гэвэл ирэх өвлийн хадлан тэжээлээ сайн бэлдэж авахын тулд том трактор, хоёр хаман боогч олж авахаар ярилцсан” гэв.
Өмнө нь хоршоо байгуулахад хуулиараа 30 өдөр шаардагддаг байсан бол “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнөөр бичиг, баримт нь бүрдсэн хоршоог хоёр хоногийн хугацаанд бүртгэх аж. Ингээд хоршооны сонгон шалгарсан төсөлд нэг удаад улсаас таван га газрыг үнэгүй эзэмшүүлэх юм байна. Харин энгийн үед газар эзэмших асуудлыг хөөцөлдөхөд шат шатны хамаарлаас шалтгаалан 110 хоногийн хугацаа шаардагддаг байжээ. Тэгвэл энэ удаад “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнөөр хоршоо байгуулж, төсөл нь шалгарсан малчдад газар эзэмших асуудлыг Газрын албанд 15 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна. Цаашлаад хоршоогоо УБЕГ-т бүртгүүлж, төслөө сонгон шалгаруулж, эзэмшлийн газраа шийдвэрлэсэн малчдын хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банк 20 хоногийн хугацаанд олгох нь. Хэрэв энэ бүхэн аль нэг шатандаа тухайн хугацаанд шийдвэрлэгдэхгүй гацаанд орвол 1800-2024 дугаар руу залгаж, тодруулах боломжтой гэнэ. Учир нь Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар НҮБ 2025 оныг “Олон улсын хоршооны хөдөлгөөнийг дэмжих жил” болгон зарлажээ. Тиймээс санаачилга гарсан орны малчин иргэд хамтын хүчээр амьдралаа дээшлүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнд идэвхтэй оролцоно байх.
Юутай ч байгалийн давагдашгүй хүчин зүйл цас зуданд “өвдөг сөхөрч”, цаашид юу хийж, яаж амьдрах вэ гэдэг бодолд дарагдаж, итгэлээ алдаж эхлээд байсан малчдад энэхүү “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөн нь итгэл найдвар төрүүлж байна.