“Донор хамт олон”-оор шалгарч байсан байгууллага бол Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ). Өнөөдөр ЦССҮТ-ийн явуулын баг тус байгууллага дээр очиж цус цуглууллаа. ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн өндөр идэвхтэйгээр цусаа өгч байлаа.
“Манай байгууллага ЦССҮТ-тэй гэрээ байгуулан хамтран ажилладаг. Уг гэрээнийхээ хүрээнд өнөөдөр цусаа бэлэглэх ээлжит өдөрлөгийг зохион байгуулж байна. ЦССҮТ-ийн их эмч Р.Энхтуяа цусаа өгөхийн эрүүл мэндийн болон нийгмийн ач холбогдлын талаар 30 минутын мэдээлэл хийсэн. Би өөрөө эмч мэргэжилтэй хүн болохоороо 2015 оноос хойш цусаа өгч эхэлсэн. Хамт олондоо ч уриалдаг. Ер нь нэг удаа цусаа өгөхөд суварга босгосон дайны том буян болдог гэж ярьдаг шүү дээ. Иймд элгэн түмэндээ хандаж бусдын эрүүл мэнд, амь насыг аврах гэгээн үйлсэд нэгдээрэй гэж хүсье” гэж ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Пүрэвсүрэн ярилаа.
ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Амарсайхан “Би оюутан байхдаа цусаа өгдөг байсан. Ер нь Монголын нийгэмд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага өндөр байна. Сүүлийн жилүүдэд бүр илүүтэй нэмэгдэж байна. Энэ үүднээс ЗХЖШ ЦССҮТ-тэй хамтран ажилладаг. 2021 онд “Донор хамт олон” өргөмжлөл хүртсэн. Манай салбарын сайд ч 2023 онд Хүндэт донор хэмээх эрхэм алдрын эзэн болж байлаа” гэлээ.
Д.Дорж