АН нэг л биш. Өнгөн дээрээ эв нэгдэлтэй мэтээр харагдах гэж хичээж байгаа ч цаанаа бөөн зөрчил маргаантай байгаа нь анзаарагдаад байна.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа даамжирсан дотоод зөрчил нь одоо хэр шийдэгдсэнгүй. Аргагүй шүү дээ. Хуучин лидерүүд нь намдаа нөлөөлөөд, бодлогод нь оролцоод байгаа юм чинь.
Өнөөдөр Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Х.Баттулга нарын хэн нь ч АН-ын удирдах шатанд байхгүй. Х.Баттулгыг эс тооцвол нөгөө хоёр нь намын даргын суудалд санаархаагүй. Гэхдээ л өөрсдийнхөө хүмүүсээр дамжуулж, АН-ын шийдвэр гаргах эрх мэдэлд хошуу дүрсээр байгаа юм. Энэ утгаараа тэдний байр суурь АН дотор амь бөхтэй байсаар байна.
АН-ын хуучин лидерүүд рүү хатуухан чиглэсэн Б.Булганы ярилцлагын дараа Э.Бат-Үүл тэргүүтэн ихэд бухимдаж, реакц үзүүллээ. Э.Бат-Үүл нь өөрийгөө ч, Ц.Элбэгдоржийгоо өмгөөлж хачин их эгдүүцэв. Буурал баатар С.Зориг агсны эхнэрийн ярилцлагыг Х.Баттулгатай холбож, чулуу шидэхээ мартсангүй. Үүнээс харвал одоохондоо нэр нөлөө нь АН-даа хадгалагдаж байгаа Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Х.Баттулга нарын зөрчил энэ намыг эв нэгдэлтэй харагдуулж чадахгүй байна. Аав нар нь дайсагналцсан айлын хүүхдүүд ямар байдаг билээ?
Д.Лхагва