АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ “Баян” хэмээх Базарааг баривчилсан нь эрх баригчдын дотоод зөрчлийг харуулсан явдал боллоо гэв. Тэрбээр “Бизнес эрхлэгчдийг баривчилсан нь тавилттай жүжиг болж байна. Нэгдүгээрт, энэ нам дангаараа засагласан үед ямар нэгэн үйл явцыг дандаа сөрөг хүчний эсрэг болгож харагдуулах улстөрийн зорилготой баривчлагаануудыг сүр дуулиантай зохион байгуулдаг. Н.Энхбаяр даргыг барих үед ч, “баян” Базараа гэдэг хүнийг барих үед ч бүр нэг зохион байгуулалттай ажиллалаа. Тэр Базарааг АН-ыг, бас Үндэсний эвсэлийг санхүүжүүлсэн гэж ярьж байна. Хоорондоо огт холбоогүй хүмүүсийг санхүүжүүлж байна гэж зарлаж байгаа нь эрх барьж байгаа намын хувьд дотоод том зөрчилтэй байгаа нь харагдаж байна. Баялаг бүтээгчдийг барьж хорьж байгаа, сөрөг хүчний төрийн албан хаагч, улстөрчдийг барьж хорьж байгаа нь ардчиллаас маш том ухарч байгааг харуулж байна” гэв.