“Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн тухай улс даяар шуугиж байна. Баруун зүүнээрээ хуваагдаад завсар зайгүй ярьцгааж байна. Үзэл бодол, өнгө мөнгөний ялгаа нь ус тос хоёр шиг зааглагдаж, угаасаа монголчууд эвлэж нийлэхээсээ өнгөрсөн мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Өнгөрсөн 30 жилийн лай ланчиг барагдахааргүй их хураагджээ. Худал хуурмагийн хар манан тэнгэр бүрхэн харанхуйлж, үнэний гэгээн наран үүлэн чөлөөний завсраар ёлтойх төдий болсон билээ. Энэ бүхний бурууг улс төрийн намууд бие биедээ тохох гэж оролдох тусам хар цагаанаараа улам ялгарч байна.
Зоригийн хэргийн эзэн анхнаасаа л тодорхой байсан. Эрдэнэтийн луйврийн эзэн ч бас тодорхой байсан. Хууль шүүхийнхнийг гартаа оруулж, гав гинжний түлхүүрийг гартаа оруулсан хүн хэн байсан бэ гэвэл бас л тодорхой.
Зоригийн хэргийн газрыг хэн яагаад бужигнуулав, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ар араас нь яагаад солив, гэм зэмгүй хүмүүсийг хохироож ял шийтгэл яагаад өгөв. Энэ бүхний цаана хэн байсан бэ? Хэргийн учгийг тайлах гэж чин сэтгэлээсээ зүтгэсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорууд яагаад ар араасаа учир битүүлэг үхэв? Хэргийн гэрч болох шатан дээр зогсож байсан залуус, таксины жолооч, онгоцны үйлчлэгч гээд эгэл жирийн 20 орчим хүн яагаад бусдад алуулах болов. Энэ бүхний буруутанг хэн бүхэн мэддэг болжээ.
Түмний нүдэн дээр гэгээн цагаан өдөр болсон 7 сарын 1-ний үйл явдлыг хэрхэн яаж мушгин гуйвуулж, өдөөн турхирч зохион байгуулсан хүмүүсийг нөмөр нөөлгөндөө авч үлдээд, хожим хойно төрийн хууль гаргуулж өршөөн хэлтрүүлсэн хүн байсан бэ, тодорхой. Гэтэл нийгмийн хэв журам сахиулах гэж цус нөжиндөө холилдон тэмцэлдэж байсан жирийн цагдаагийн албан хаагчдыг хэлмэгдүүлж, хэрхэн яаж зовоож ял шийтгэл өгч байсныг бүгд мартаагүй. Орноосоо өндийх тэнхэлгүй өвчинд шаналсан хурандааг ортой нь өргөөд шүүхийн танхимд оруулж, шийтгэж байсан түүхийг мартах учиргүй. Ингэж 7 сарын 1-ний хэргийг шийдсэн болоод хааж, ял завшиж үлдсэн хүн хэн болохийг бүгд мэднэ.
Гэтэл тэр гайт жагсаалын уршигаар 10 гаруй хүний амь нас хохирч, 200 орчин цагдаагийн албан хаагч бэртэж, гэмтэн, 800 гаруй залуус шорон гянданд байцаагдан, үйлээ эдэлсэн билээ. Тэд чухам хэний хатгаасаар юунд өртсөнөө хожим мэдсэн ч хараал ерөөлөө хэнд үлдээсэн бол? Тэр бас тодорхой.
Оюу толгойн гэрээг өөрт ашигтай байгуулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн яаж будилуулсныг, олсон хэдэн доллараа чамлаж, хэрхэн яаж барьц ахиулж, алдарт Дубайн гэрээг байгуулах гэж засаг төрөөр хэрхэн тоглосныг, эмчилгээ тэжээлийн цэгт очих цаг нь болсон хэмээн Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг хэрхэн яаж завшиж авсныг нүдтэй бүхэн харж, чихтэй бүхэн сонссон. Эзэн нь чухам хэн байсан бэ?
Тэр хүний өнгөрсөн замнал түмэн олныг зовлон шаналалд унагааж, үйлдсэн гэмт хэргээ баллуурдан, сохлохын тулд үргэлжүүлэн хүндрүүлсээр л явна. Дээхэн үед шилийн сайн эр гэж хүдэр чийрэг биетэй, эрэмгий шаламгай эрчүүдийн хийсэн бүхэн нь домог болж, хий үзэгдэл шиг алга гэнэт болдог байсан түүхийг тохойн чинээ биетэй тоодгор тэр нэгэн хүн залгуулж яваа гэлтэй. Ингэж, ингэж нэг баригдана даа, баригдана, хөөрхий.
СЭТГҮҮЛЧ Г.ЭНХБААТАР