Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран зохион байгуулж буй “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал Дархан-Уул аймагт болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Ж.Энхбаяр уг арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал тогтвортой байна уу гэдгээс асуудал эхэлнэ. Миний хувьд салбарын хөгжил тогтворгүй байна. Монгол Улс 300 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаагийн 80 гаруй хувийг импортоор авч байгаа нь хүнсний аюулгүй байдлын хувьд эмзэг ангилалд байна. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үзээд “Хүнсний хувьсгал”- эхлүүлсэн” гэлээ.