Автобусанд хижээл насны хоёр эмэгтэй хоорондоо ярилцана. Нэг нь “Энэ Нямбаатар тэнэг байхаа. Автобусанд хүний толгой тоолох юм гэнэ” гэвэл нөгөөх нь “Харин тийм. Ямар ашиг байдаг юм бол? Шал дэмий юм хийж байх юм” хэмээн мэдэмхийрэв. Ганц хотын дарга биш нийслэлийн бүхэл бүтэн газар, хэлтэс хүний толгой тоолдог төхөөрөмж сууриулах нь зөв гэж үзчихээд байгааг мань хоёр эмгэн огт ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаа илт. Зүгээр л хийж байгаа ажлыг харлуулж байвал санаа нь амардаг гаж сэтгэлгээ ахмад настнуудын дунд ч бий болчихож. Залуусын хувьд бүр яриад ч хэрэггүй.
Нийтийн тээврийн алдагдал их байгаа нь мөнгөө төлдөггүй зорчигчдоос гадна бэлэн мөнгө авч байгаа жолооч нартай холбоотой нь дэндүү тодорхой болсон. Тиймээс энэ сөрөг үзэгдлийг арилгах үүднээс гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны системыг олон нийтэд танилцуулахаар болсон. Энэ талаар Х.Нямбаатар ярихдаа “Хүний толгой тоолдог төхөөрөмжийг бүх автобусанд суулгана. Ахмад настан, хүүхэд, донор гэх мэт үнэгүй зорчдог хүмүүсийн картыг татаасаар мөнгөжүүлж өгнө. Өнөөдөр автобусны жолооч нар бүгд бэлэн мөнгөний хайрцагтай. Түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг. Өдөрт хамгийн багадаа 30, 40 мянган төгрөг жолоочийн халаас руу орж байгаа юм. Карт уншуулсан хүмүүсийн тоо, толгой хоёр яг таарах ёстой. Тоо таараагүй бол жолоочид шаардлага тавьж эхэлнэ. Миний хувьд карт аваад зарим чиглэлд сууж үзсэн. Автобусны жолооч нүдэн дээр л мөнгө авч байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн тайлбарлаж байлаа.
Одоо ямар учраас толгой тоолдог төхөөрөмж суурилуулах болсноо иргэдэд дахин ойлгомжтойгоор тайлбарлахгүй бол ямар ч ач холбогдолгүй ажил хийгээд байна гэсэн ойлголттой олон хүн байна шүү.
Д.Дорж