2024 он гарсаар төрийн байгууллагууд, тэр дундаа хууль, хүчний байгууллагынхан цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд нэгдсээр байна. Өнөөдөр ЦССҮТ-ийн явуулын баг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ажиллажээ. Миний бие сурвалжлах үүргийнхээ дагуу тус байгууллагыг зорилоо. Харуул хамгаалалтын залуу “Та түр хүлээж байгаарай. Манай тамгын дарга одоохон буугаад ирнэ” гэв. Удалгүй нүдээрээ инээсэн залуухан бүсгүй гараад ирлээ. Өнөө бүсгүй маань “Хоёулаа манай өрөөнд орж ярилцах уу?” гэв. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Ц.Мөнгөнзул бид хоёрын яриа үүгээр эхлэв.
–Танай байгууллага хамт олон хэдэн удаа цусаа өгч байна вэ?
-Анх удаагаа өглөө. Чингэлтэй дүүргийн прокурорын газар Ёсзүйг эрхэмлэх 3 сарын аян зарласан. Тэр аяныхаа хүрээнд цусаа өгч, бусдад тус хүргэе гэж шийдсэн. Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг тасалдуулахгүй байхад манай хамт олон бодитой тус хүргэлээ гэж ойлгож байна. Цаашид ч жилд хоёроос доошгүй удаа хамт олноороо өгөх зорилт дэвшүүлсэн.
-Та ч бас анх удаа өгсөн үү?
-Тиймээ. Сая 350 грамм цус өгсөн. Гурван хүнд амьдрал бэлэглэчихлээ шүү дээ гэж бодохоор сайхан байна. Ер нь бид мод тарих болон бусад тусламжийн арга хэмжээнд оролцдог. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэгийн үйлсэд хамт олноороо нэгдсээр ирсэн. Энэ удаад ч бусдын амь насыг аврах сайхан үйл хэрэгт нэгэн дуугаар хувь нэмрээ оруулж чадлаа.
–Баярлалаа. Хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хамт олонд талархалаа илэрхийлье. Буяны үйлс будаа тариа мэт үржих болтугай.
Д.Лхагва