2016 оны сонгуулиас хойш даргаа сонгож чадахгүй будилж ирсэн АН-ын Үндэсний бодлогын хороо 2023 оны 1 дүгээр сарын 19-нд Л.Гантөмөрийг намынхаа даргаар сонгож билээ. Улмаар Дээд шүүх энэ шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж Л.Гантөмөрийг бүртгэж авсан юм.
Гэхдээ энэ нь тус намын бүлэг фракцуудын зөрчлийг дарах, эв нэгдлийг хангах хэмжээнд хүргэж чадаагүй. Х.Баттулга тэргүүтэн өнөө хэр бууж өгөлгүй зууралдсаар байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат, АН-ын Дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг нарын тус намд байр суурьтай хүмүүс Л.Гантөмөрийг МАН-ын тавиул хэмээн шууд нэрлэж, бүр авлигын хэрэгт холбоотой учир хилийн хоригт оруулах хэрэгтэй гэж мэдэгдсэн.
Сонгууль дөхсөн ийм хариуцлагатай үед намынхаа даргаар оролдоно гэдэг чухам л үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдохтой адил билээ. Гэхдээ л Л.Гантөмөрийг огцруулах санаархал буцалсаар байгаа цагт тэр амар заяагаа үзэхгүй л болов уу. Сонгуульд ч чих амар орж чадахгүй. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Х.Баттулга АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг МоАХ-д өг хэмээн шахаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга АН-ын эрх мэдлийн хүрээнд давуу эрх олж авахаар шаргуу урагшилж байна.
Д.Лхагва