Булган аймгийн Булган сумын “Ачуут” багийн ахмадын зөвлөлийн дарга Т.Үржинсүрэнтэй дараах яриа өрнөв.
-Танай ахмадын зөвлөл хэдэн бүрэлдэхүүнтэй вэ?
-“Ачуут” багийн ахмадын зөвлөлийн дарга, хоёр тэргүүлэгч гээд нийт гурвуулаа ажиллаж байна. Манай баг 390 ахмадтай. Үүнээс 274 нь эмэгтэй, 116 нь эрэгтэй. Ахмадын зөвлөлийн гол ажил бол тэднийгээ идэвхжүүлэх, өвчтэй, амьдралын боломж тааруу нэгнийг нь эргэж тойрох, эрүүл мэнд, халамжийн байгууллагуудтай хамтран ажиллаж тусламж дэмжлэг үзүүлэх явдал юм.
–Танай багийн ахмадуудын амьдрал ямар байна вэ?
-Амьдралын түвшин янз бүр. Ажилсаг, аминдаа арчаатай, чадал тэнхээтэй ахмадууд гялалзаад л байна. Үр хүүхэд сайтай өндөр настнууд ч дажгүй сайхан амьдрах юм. Өндөр тэтгэвэртэй хүмүүс ч боломжийн сайхан аж төрж байна. Би бага залуугаасаа ажилчин ангийн эгнээнд орсон хүн. Хуучин нэр томьёо шиг сонсогдож магадгүй. Гэхдээ л тухайн үед ажилчин гэдэг маш том бүлэг байсан юм. Улс орны хөгжлийг авч явдаг гол түүчээ нь ажилчин хүмүүс байлаа.
-Та хэддүгээр ангиасаа ажил дээр гарсан тухайгаа яриач?
-1970 онд 8 дугаар ангиа төсгөөд Булган аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газар буюу артелийн хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор орж байлаа. 1974 оноос эсгүүрчин болсон. Тухайн үед техник, технологи одоогийнх шиг биш байсан учраас том хутгаар эсгэдэг байсан. Гарын ур маш их шаардана. Дээл, гэрийн хөвөнтэй дээвэр туурга, хүүхдийн форум, палааж гэх мэтийг дандаа хутгаар эсгэдэг байлаа. 1991 он хүртэл үйлдвэрийн маань үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, олон ч хүн ажлын байртай байлаа. Тэгээд яахав дээр, зах зээл гээч нь эхэлж тэр сайхан үйлдвэр маань хувьчлагдсан нэрээр дампуурсан даа. Бүх хүн ажилгүй болсон. Оёдлын машинаа ч аваагүй гарсан хүн олон доо, хөөрхий. Хамгийн түрүүнд аймгийн ахуй үйлчилгээ, худалдаа хоёр хувьд гарсан. Одоо тэр дайны үйлдвэр Булган аймагт байхгүй л байна шүү дээ.
–1970-1990 он хүртэл орон нутагт оёдлын том үйлдвэр ажиллаж байсан гээд бодохоор л бахархалтай санагдаж байна. Тухайн үед та бүхний ажлын онцлог юу байсан бол?
-Төлөвлөгөөгөөр их шахдаг байсан. Хамгийн гол зорилго бол норм төлөвлөгөөгөө биелүүлэх байсан болохоор ар гэрийнхээ ажлыг хаяад л зүтгэдэг байлаа. Социализмын материал техникийн бааз байгуулахын төлөө идэх хоол, унтах нойроо хасан зүтгэчихээд эцсийн эцэст юу юу ч үгүй хоцорсон. Бүхэл бүтэн аймгийнхаа оёдлын хэрэгцээг хангадаг байсан гээд бодохоор сайхан санагддаг ч хувьчлал нэрээр үйлдвэрийн маань үйл ажиллагааг зогсоож, олон жил толгой өөд татахгүй ажилласан ажилчин хүмүүсийг зүгээр гудамжинд гаргасанд харамсаж явдаг. Гавьяа шагнал хүртэх ёстой хүмүүс нь ч төрдөө үнэлүүлж чадаагүй дээ. Тухайн үеийн IV, V жилийн гавшгайч нар одоо бол гавьяат цол хүртэх ёстой хүмүүс шүү дээ. Ер нь ахуй үйлчилгээний салбарт ажиллаж байсан ахмадуудаа яах вэ? Маш ихийг бүтээн байгуулж ирчихээд үйлдвэр нь тарсны дараа ажилгүй болсон ахмадууд одоо харьяалал байхгүй. Тэднийгээ яах юм? Тэр хүмүүс дотор Хөдөлмөрийн баатар болох хүмүүс ч бий. Тэднийг яах юм? Би ингэж л асуумаар санагддаг.
–1990-ээд онд улсын олон үйлдвэр хувьчлагдаж үйл ажиллагаа нь зогссон. Та 1990 оноос хойш юу хийв?
-1997-2013 он хүртэл МСҮТ-ийн оёдол эсгүүрийн онол дадлагын багшаар ажилласан. Тэтгэвэртээ бол 2012 онд гарсан. Ажилласан жил хүрсэн гээд шууд л гаргасан. Цалингийн зээлтэй байхад л тэтгэвэрт хөөх шахам гаргачихаж билээ. Хүүхэд маань оюутан байсан болохоор амаргүй л байлаа. Бага залуугаасаа оёдол эсгүүр хийж цаг наргүй ажиллаад сурчихсан учраас зүгээр сууж чадахгүй юм. Сая орон нутагтаа оёдлын холбоо байгуулахаар шийдэж нэрээ авсан. Гэхдээ дансандаа мөнгө байршуулах ёстой байдаг гэнэ. Тэрийг нь байршуулаагүй бол үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгдөггүй юм байна. Уг нь юм хийх гэж санаж сэдэж байгаа хүмүүсийг, ялангуяа ахмадуудыг дэмжмээр байгаа юм даа. Бидэнд туршлага, чадвар байна шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд дээр байгаа хүмүүс малчнаа л дэмжинэ гэнэ. Буруу биш л дээ. Гэхдээ малчид малаа үнэгүй хувьчлаад авсан. Харин ажилчин хүмүүс юу ч үгүй хоцорсонд л харамсаж явдаг. Одоо энэ хүмүүсээ харж үзэж дэмжмээр юм.
-“Ачуут” багийн ахмадын зөвлөл аймаг, сумынхаа ахмадын хороотой хэр зэрэг хамтарч ажилладаг вэ?
-Булган сумын ахмадын хорооны дарга Оюунцэцэг тэргүүтэй хүмүүс ахмадуудаа их дэмждэг. Ахмад хүмүүс сэтгэлээр л өөдрөг байх ёстой юм билээ. Урлаг, спортын төрөлд арга хэмжээ зохион байгуулахад ахмадууд маш их дуртай. Ёстой их дуртай оролцдог. Сэтгэлээрээ эрүүлжээд таягаа хаясан хүн ч бий. Сэтгэлээрээ залуу явах шиг чухал юм хаа байхав.
-Ахмадын зөвлөлийн даргын хувьд та ямар арга барилаар ажилладаг вэ?
-Багш хүн болохоороо зорилго, зорилт, төлөвлөгөөгөө гаргаж ажилладаг. Гол зохиодог ажил маань гэвэл ахмадуудаа тэмцээнд оролцуулна. Эрүүл мэндийн газрын дарга, Хөдөлмөр, халамжийн газрын дарга, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Номын сангийн эрхлэгчтэй уулзаж ахмадын чиглэлээр ямар ажил зохиох гэж байгаагаа танилцуулж, хамтран ажилладаг. Шинэ жилийн баярт сумын ахмадын хорооны 6 баг орж, зохиосон тэмцээн уралдаанд нь манай баг дэд байранд шалгарсан.
Т.Үржинсүрэн эгч ингэж яриад “За хоёулаа ярилцлагаа дараа үргэлжлүүлье. Би шинэ сонирхолтой мэдээлэл дандаа явуулж байна. Ер нь надад ярих зүйл их бий” гэлээ.
Д.Дорж