2024 оны УИХ-ын сонгууль юу юугүй дөхчихлөө. Хамгийн том сөрөг хүчин болох АН-ын хувьд эрх баригчид руу хандаж сүртэй реакц үзүүлсэн зүйл алга. АН-ын даргын түвшинд ч, гишүүд дэмжигчдийнх нь хүрээнд ч МАН руу зай завсаргүй довтолж байх цаг шүү дээ. Их дайны өмнөх нам гүм байдалд орчихсон гэлтэй ажин түжин…
Хааяа нэг АН-ын бүлэг франкциас Лу.Гантөмөрийг огцруулах шаардлага хүргүүлж, унагаах гэж оролдож байгаа нь тус намын дотоод зөрчил, эрх ашгийн мөргөлдөөн зогсох болоогүйн нотолгоо биз ээ. Цагаан сарын өмнө А.Цэрэнбат тэргүүтэй АН-ын хэдэн эсэргүү гишүүн намын даргаа авилгын гэмт хэрэгтэн мэтээр зарлаж хилийн хориг тавихыг шаардсан шүү дээ. Энэ нь намынх нь нэр хүндэд туйлын хортойг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч цаана нь хэн нэгний том эрх ашиг байгаа учраас түүнд л захирагдаад байна.
Лу.Гантөмөрийн хувьд сонгууль болтол тэсч үлдэхийг хичээж байгаа нь илт. Одоо түүнд хамгийн их шахалт үзүүлж байгаа хүн бол экс Ерөнхийлөгч Х.Баттулга.
Х.Баттулгын хувьд АН-ын дарга болох гэж маш том хөдөлсөн ч Дээд шүүхийн босгыг давж чадаагүй. Тэр шууд буугаад өгсөнгүй намд нөлөөгөө тогтоох ажиллагааг амжилттай хэрэгжүүлсээр байгаа нь үр дүнгээ өгч байгаа. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтэн Х.Баттулгыг болж өгвөл шүүхээр шийтгүүлэх, болохгүй бол намаасаа шахах хүсэлтэй байгаа ч нөхцөл байдал тийм боломж олгохгүй байна. МоАХ-гоо нам болгож салан тусгаарлах цаг Х.Баттулгад одоо байхгүй. Тийм учраас өөрийн талаас аль болох олон хүнийг АН-ын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшүүлэх хувилбарыг бодож олоод түүнийхээ төлөө Лу.Гантөмөрт зай чөлөөгүй шахалт үзүүлж байгаа юм. Хэрвээ Х.Баттулгын хүмүүс УИХ-д олноор гарч чадвал эзнийх нь байр суурь улстөрд улам бэхжинэ. Экс Ерөнхийлөгч түүний төлөө унтах нойр, идэх хоолоо умартан зүтгэж байна.
Д.Лхагва