Сар шинийн баяр үргэлжилж байна. Монголчуудын хувьд дээл хувцсандаа анхаардаг болж. Өвөрмөц хийцтэй ганган гутал жийж, үнэтэй даавуун дээл өмсөж, аралтай бүс бүсэлж, мөнгөн хуйтай хэт хутга унжуулсан залуус хэний ч нүдэнд бийлэгжүү харагдана.
Гэхдээ шинийн гуравны өдрүүдэд гудамж талбай, орц, цахилгаан шатанд хог хөглөрсөн нь муухай дүр зураг. Нэг удаагийн улавч, салфетка, чихэр, печенийн цаас, архины шил, тамхины иш, нус цэр, бөөлжис…сайхан баярыг гутаав. Ядаж айлаас гарахдаа өмссөн улавчаа тэр айлынхаа хогийн саванд хийх ухамсар нөгөө гоё ганган хүмүүст даанч ховор байна. “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдэг үг бий дээ. Тэр үг монголчуудад яг тохирох мэт. Дотоод сэтгэл нь хиртэй бол гаднах байдал нь хэчнээн гялгар ганган байгаад нэмэргүй шүү!
Д.Дорж