Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа иргэдэд сэрэмжүүлэг, зөвлөгөө өглөө. Тэрбээр “Цагаан сарын баярын өдрүүдэд амархан мууддаг бүтээгдэхүүнийг удаан хадгалж болохгүй” гээд дараах зөвлөмийг өгөв.
-Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг сайтар харах
-Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний сав ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авах
-Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
-Баярын ширээний ууц болон чанасан махаа удаан хугацаагаар ил задгай хадгалж хэрэглэхээс татгалзах
-Цагаан сарын баярын салад, буузыг хонуулж хэрэглэхээс татгалзах
-Мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөгчид хадгалах
-Болсон, түүхий эд бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
-Ахуйн цэвэрлэгээний эд зүйлс, угаалгын химийн бодистой хамт хоол хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахгүй байх
-Түүхийгээр хэрэглэдэг жимс, ногоог сайтар угааж хэрэглэх
-Болсон түүхий хүнсний бүтээгдэхүүний сав, хэрэгслэл тусад нь байх
-Хоол хүнсийг сайтар болгож хэрэглэх
-Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
-Хоол, хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах шаардлагатай.
Харин баярын өдрүүдэд гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн бол хоногт гурав буюу түүнээс дээш суулгаж, халуурсан тохиолдолд гэртээ тусгаарлаж, харъяа өрх дүүргийн эмнэлэгт болон ХӨСҮТ-д яаралтай хандах хэрэгтэй. Мөн гэрээр эмчлүүлсэн үед эмчилгээг бүрэн гүйцэд хийх ёстой” хэмээн анхаарууллаа.