Дүнжингаравын ойролцоо болсон онц ноцтой ослын дараа Засгийн газраас Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх, УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өгч билээ. Б.Энхбаяр сайд ч энэхүү аймшигт ослын шалтгаан явж явж газрын наймаатай холбогдож байгааг нуугаагүй.
Хотын дарга Х.Нямбаатарын хувьд Улаанбаатарын газрыг баруун солгойгүй зарсны гайгаар нийслэл маань бетонон ширэнгэ болж хувирсан тул газар олголтын асуудлыг шалгана хэмээн удаа дараа эмоцитой мэдэгдсэн. Одоо нээлттэй сонсголоо маш яаралтай хийж, буруутай эздийг нь тодруулахгүй бол байдал хэзээ ч засран сайжрахгүй. Уг нь цагаан сарын өмнө нээлттэй сонсголоо хийх байсан юм даа! Цаг алдаад байна.
- Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан М.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
- Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгожээ.