Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АН-аасаа гарч ХҮН-д элсэж магадгүй гэсэн “шуум” тараад эхэлжээ. Зарим хэвлэлүүд ч бараг элсчихсэн мэтээр бичсэн байна. Түүний хувьд 2003 онд АН-ын даргаар томилогдож, улмаар Б.Эрдэнэбатын МАШСН гэгчтэй хамтран “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулан 2004 оны сонгуульд орсоныг сонгогчид мартаагүй. Ямар ч байсан тухайн үед парламентын 33 суудал авч байсан юм. Гэхдээ угийн түнжин муутай байсан соцдек Р.Гончигдорж нь түүнд боломж олгоогүйгээс “Эх орон-Ардчилал” эвсэл тарж, М.Энхсайханыг намын даргаас мулталж дөнгөсөн билээ. М.Энхсайхан АН-ын даргын тамгыг өгөлгүй авч зугатаасан хэрэг хэвлэлийн гол сенсаац болж байлаа. Удаа ч үгүй тэрбээр 2006 онд Үндэсний Шинэ Нам гээчийг байгуулж, МАН-ын шинэ дарга М.Энхболдын тэргүүлсэн Үндэсний эв нэгдлийн гэх Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон юмдаг. Нэг ёсондоо МАН-тай нэг хөнжилд шургасан гэсэн үг. Улстөрийн маневрийн хувьд өөртөө ашигтай хувилбарыг бодож олохдоо гаргуун. Тухайн үед УИХ-ын дарга байсан Ц.Нямдорж УИХ-ын чуулганы индэр дээрээс М.Энхсайханыг “Чам шиг урвагч олон юм ярихгүй шүү” гэгчлэн толгой түрүүгүй загнаж байсан удаатай.
2011 онд Үндэсний Шинэ Намынхаа нэрийг Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/ болгон өөрчилж, Намбарын Энхбаярыг бараадсан бөгөөд энэ хоёрын түншлэл амжилтад хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгуульд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 суудал авч билээ.
М.Энхсайхан 2014 оны 12 дугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Тавантолгойн ордыг хариуцсан сайдаар ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн үр дүнд огцорсон бөгөөд Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Тавантолгойн ордыг 100 жилийн хугацаагаар Хятадад өгөхийг санаархсан гэх хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонсч билээ. Хорихоос гарч ирээд шууд АН-д элссэн. Гэхдээ АН-д түүний орон зай байхгүй л дээ. Х.Баттулгын тус нам доторх түрэлт амаргүй байгаа нөхцөлд мань эр эгэл жирийн гишүүн явахаас өөр аргагүй. Тэгээд бодохоор сонгуульд нэр дэвшихгүй л юм бол нам түүнд чухал ач холбогдолтой биш. Тэгээд ч ХҮН түүнийг хүлээж авахгүй л болов уу.
Д.Лхагвадорж