Хүнсний захууд дээр гурилын үнэ дахиад өсчихөж. Шалтгааныг нь асуугаад ч нэмэргүй. “Цаанаасаа өсөөд ирсэн юм чинь бид дагаад л нэмнэ ш дээ” гэдэг улиг болсон бэлэн үгээ л хэлнэ. Аливаа баяр ёслолыг угтаад үйлдвэрлэгчид, худалдаачид барааныхаа үнийг нэмдэг гаж буруу жишиг тогтоод уджээ. Гэтэл олон улсад ямар нэгэн баярыг тохиолдуулаад харин ч өргөн хэрэглээний барааны үнээ бууруулдаг. Манайд эсрэгээрээ явж ирсэн нь зах зээлийн жам буруу тийшээ хазайж байгаагийн илрэл биз дээ.
Хамгийн гол нь үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг хянан зохицуулах үүрэгтэй ШӨХТГ хэмээх төрийн том байгууллага сүүлийн үед таг болчихлоо. Өргөн хэрэглээний барааны үнэ худалч хүнд сараар бус өдрөөр өсөөд байхад энэ байгууллага дорвитойхон ажил хийж, арга хэмжээ авмаар байна. Өмнө нь нэр бүхий үйлдвэрлэгч, эсвэл импортлогч компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхэд ШӨХТГ шалгалт хийж, юуны учраас үнээ өсгөх болсныг нь тогтоодог байлаа. Үндэслэлгүйгээр үнэ хөөрөгдсөн бол хариуцлага тооцож, өндөр торгууль ногдуулдаг байв. Энэ ажлаа хиймээр байна! Идэвх, хариуцлагаа сайжруулмаар байна!
Шинэ жилийн баярыг далимдуулаад импортлогчид болон дотоодын үйлдвэрлэгчид өндөгнөөс өгсүүлээд хэрэгцээт хүнсний үнээ нэмсэн. Одоо сар шинийн баяр дөхөж байна. Ард түмэнд санхүүгийн маш том дарамт ирж байна. Төр үнийн өсөлтөд хяналт тавих үүрэгтэй төр ажлаа хийе.
Д.Дорж