Ерөнхийлөгч асан Х.Баттулга Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Хүрэлбаатарын УИХ-д өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын гэгч хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, бас Г.Занданшатартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамтран ажиллаж байсны хувьд энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлт тавилаа. Яагаад гэвэл бид газрын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй юм байна. Нэг нам дангаараа олонх байгаа тохиолдолд ийм нарийн эмзэг асуудлыг хэлэлцэж болохгүй. 2024 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулах гэж байгаа бол та нар энэ бүтцээрээ хэлэлцүүлээч ээ. 1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг байсан 100 мянган ам.долларын босгыг 2013 онд үргэлжлүүлж яриад толгой эргүүлээд байгаа юм. 100 мянган ам.долларын босго байхгүй болоход, хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд манай газар нутаг дээр гэр бүлээрээ оршин суух боломж бий болох юм. Ийм нөхцөл байдлыг бий болгосон цоорхой хууль болох нь. Иргэдээрээ хэлэлцүүлээч, 2024 оны сонгуулийн дараа хэлэлцүүлээч гэдэг саналыг тавихаар Ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовнин АН-ын төлөөллийн хамт Г.Занданшатартай уулзлаа. Гаднын хөрөнгө юунаас болсон бэ гэхээр та бүхэн санаж байгаа байх. Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байхад Японы тухайн үеийн Ерөнхий сайд Ш.Абэ Монголд ирээд Өмнөговийн Тавантолгойд хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан. Та бүхэн санаж байгаа бол ингээд санамж бичиг зураад япончууд хөрөнгө оруулах юм байна гэсний дараахан асар том довтолгоо болсон. Намайг УИХ-ын гишүүн байхад Баянгол зочид буудал дээр над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт болж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалтыг зогсоож байсан. Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг байх үед Тавантолгойд Бразилын, Энэтхэгийн, ОХУ-ын, Японы консерциум гээд гаднын хөрөнгө оруулалт орох боломжийг ганцхан шийдвэрээр болиод Хятадын “Шинхуа” компанид өгөх болсныг санаж байгаа байх. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг учраас үүнийг эргэн хараач ээ” гэлээ.
Сэтгүүлчид түүнээс “2024 оны сонгуульд нэр дэвших үү?” гэж асуувал “Үгүй байх” гэдэг товчхон хариулт өгсөн юм.