Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг өмөөрч байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Д.Амарбаясгаланг би 20 жил танина, сүүлийн 10 жил хамтран ажиллаж байгаа. Миний хамгийн итгэдэг хүн, шилдэг улс төрч. Улс төрийн намын шинэчлэл, институцийн хувьд хөгжих ёстой гэдгээс гадна МАН-ыг хөгжүүлж, гадаад харилцааг өргөжүүлэн тэлж, дотооддоо буюу Монголын улс төрийн намуудын зөвшилцлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж улс орны хөгжилд нэн тустай хуулийн реформуудыг бодитой бий болгосон.
Жендэрийн эрх тэгш байдал, улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох талаар ч хамгийн сайн, бодитой арга хэмжээнүүд авсан удирдагч.
Намын дэргэд судалгааны байгууллагуудыг санаачилж эрдэмтэн судлаачдыг урьж зөвлөгөө, зөвлөмжүүдийг сонсдог, ашигладаг, хэрэгжүүлдэг хүн.
Стратеги академиас гадна намын дэргэд Дэвшилтэт бодлогын хүрээлэн, Хүний эрхийн дэвшилтэт бодлогын хүрээлэн, Политкоммс зэрэг олон хүрээлэн, клуб үүссэн нь Амарбаясгалангийн судалгаа, шинжилгээ, залуусын хөгжилд анхаарсных юм.
Хүний эрхийн дэвшилтэт бодлогын хүрээлэн Монгол Улсад хүчин төгөлдөр хуулиудад үнэлгээ хийж Хүний эрхийг зөрчсөн ямар хуулийн ямар заалт байгааг гарган санал гаргаж эхнээсээ засаад явж байгаа юм.
Гэтэл нүүрсний сонсгол энэхүү хүрээлэнгийн нэр цохогдож “хамаарал бүхий этгээд” гэж шуугиан дэгдэв.
Амарбаясгаланг зунаас хойш харлуулаад л байгаа. Бид Германд Бундестагийн дэгийн талаар улс төрийн намуудын хамт судлаж байхад Германы нэг сайт дээр нийтлэл гарсан байсан. Судлан лавлахад төлбөрт мэдээ байж, удалгүй устгагдсан. Би бол шүүхэд итгэдэг. Итгэсээр ч байна. Гэм буруутай хүмүүс шүүхээс ял авдаг.
Яаж хамаатуулж, яаж харлуулж байгааг хараад халаглаж сууна. Бас бодно, миний 10 жилийн ангийн хүүхдүүд юу билээ, төрд ажилладаг хэд байгаа. Мөн Удирдлагын академийн нэг ангийнхан төрд ажилладаг. Компани, ААНБ-д ч ажилладаг…Би хэд хэдэн холбоонд байгаа. Намын эмэгтэйчүүдийн холбоо, Зүүний хүчний холбоо, үйл ажиллагаа идэвхгүй ч “Жасрай сан” ТББ үүсгэн байгуулсан, бас Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийн төгсөгчдийн холбоо үүсгэн байгуулагчаар бүртгэлтэй. Одоогийн захирал Болор нэг шүүх хуралд оролцоод байсан, би хамаарал бүхий этгээд нь юм байна. Заа, мэдэхгүй юм даа. Үнэн мөн гагцхүү шүүхээр л тогтоогдоно” гэсэн байна.