Нүүрсний хэргийн сонсгол өчигдөр өндөрлөлөө. Уг сонсголыг тасалдуулах оролдого гарч байсан талаар Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Монгол төрийн хуулийн биелэлттэй холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг ард түмний төлөөллийн байгууллагаас хянан шалгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүн нь өнөөдрийн Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа юм. Энэ удаагийн хяналт шалгалтаар бид хууль зөрчсөн олон үйл ажиллагааг нотлох баримттай нь иргэд, олон нийтэд ил тод болголоо. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийх зам амар хялбар, дардан байгаагүй. Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Үндсэн хуулийг хэрэгжүүлж, ард түмний мэдэх эрхийг хангах зорилгоор зохион байгуулсан “нүүрсний” сонсголыг явуулахад саад болох, өөр тийш чиглүүлэн таслан зогсоох оролдлого “нүүрсний хулгай”-тай холбоотой бүлэглэлээс удаа дараа гарч байсныг тэмдэглэн хэлье” хэмээн онцолсон юм.