2023 оны 11 дүгээр сарын 08-нд Сэлэнгэ аймгийн ахмадын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Сант суманд зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээнд урилгаар оролцсон Орхон аймгийн ахмадын хорооны тэргүүлэгч, доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Ш.Ганбат “Орчин цагийн гэр бүл дэх ахмадын манлайлал” сэдэвт илтгэл тавьж ахмадуудын талархалыг хүлээсэн. Түүнтэй нэг сэдвээр хөөрөлдөв.
-Таны илтгэлээс олон чухал санаа олж сонслоо. Яагаад энэ сэдвийг сонсож лекц бэлтгэх болов?
-Монголын ахмадын байгууллагууд Шинэ сэргэлтийн бодлогод оролцох оролцоогоо цоо шинээр эргэж харж, бодлого, үйл ажиллагаагаа шинэ нөхцөл байдалд тохируулан өөрчлөх шаардлага бий боллоо гэж би хувьдаа үзсэн. Учир нь, нэгдүгээрт, Монголын бүхий л байгууллагуудын хүний нөөцийн чадавхид ахмадуудын мэдлэг, чадвар, туршлага шаардлагатай болоод байна. Өөрөөр хэлбэл, ахмад настны мэдлэг ур чадвар туршлагыг нийгмийн хөгжлийг түргэтгэхэд ашиглах шаардлага аяндаа гарч ирж байна гэсэн үг, нөгөө талаас хүний нөөцийн хомсдлын эрсдэлээс сэргийлэхэд ч ач тустай. Тийм учраас ахмадуудын мэдлэг, арвин баялаг туршлага, ажил амьдралын дадал, хатыг Монгол Улс ашиглах нь шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахмадын оролцоог хангах нь зүй ёсны асуудал болсон. Хоёрдугаарт, ахмадуудын насжилт өөрчлөгдсөн. Үүнийг дагаад насжилтын цогц бодлого боловсруулах шаардлага нь ургаж гарсан. Жишээ нь, дээхнэ үед 75 настай хүн ховор байлаа. Одоо бол 75 нас өтөл дорой насанд тооцогдохоо болилоо шүү дээ. Эрүүл Монгол хүн төрөн гарч байна гэсэн үг. Үүнийг дагаад ахмадууд өөрсдөө үзэл бодол, хандлагаа өөрчлөх шаардлагатай болж байгаа юм. Тухайлбал, насны зөрүү ихсэх тусам хөгшин, залуу хүмүүсийн хоорондын зааг ялгаа холдох ёсгүй. Ингэхийн тулд ахмадууд манлайллаа сайжруулж, асуудлыг өөр өнцөгөөр харж залуучуудад үлгэрлэх, тэдэнтэй хамтарч ажиллахад суралцах цаг болжээ.
-“Манлайлал гэр бүлээс эхлэх учиртай” гэж та илтгэлдээ онцоллоо. Энэ санаагаа тодруулна уу?
-Тиймээ, манлайлал гэр бүлээс эхэлнэ. Ахмадууд гэр бүлийн гол чиглүүлэгч байх ёстой. Гэтэл өнөөдөр зарим талаараа тэгж чадахгүй байна. Одоо ийм хандлага руу явах болсон, өөрчлөгдөх болсон. Америкийн менежмэнтийн онолч, нэрт илтгэгч Жон Максвелл “Би олон чиглүүлэгчтэй. Эхний нэг, хоёрдугаарт аав, ээж минь ордог” гэж бичсэнийг би олж уншсан. Маш гүнзгий утга учиртай үг шүү. Энэ утгаараа ахмадын манлайлал нь амьсгалах агаар мэт хэрэгтэй болоод байна.
-Ахмад хүмүүсийн хувьд залуучуудыг өөр нүдээр харах шаардлага бий боллоо гэдэг үг чинь их содон сонсогдлоо. Яагаад ийм бодол төрөх болов?
-Орчин цагт юм болгон өөрчлөгдөж байна. Залуучуудын ухамсар, сэтгэхүй, үзэл бодол, зорилго ч хувисч байна. Энэ утгаараа залуучуудаа цоо шинэ нүдээр, эерэг хандлагаар харах шаардлага бий болж байгаа юм. Ингэж чадвал залуучууд маань эргээд л ахмад настнуудаа хүндлээд эхэлнэ шүү дээ. Нэг талаасаа “40-өөс дээш насныхан үхэж байж Монгол Улс хөгжинө” гэж ярих болсон нь зарим ахмад хүнээс өөрсдөөс нь болж байгаа юм.
-Ахмадын байгууллагууд ямар асуудал дээр голчон анхаараасай гэж та боддог вэ?
-Монгол Улс, монголчууд маань оюуны асар баялаг өв уламжлалтай ард түмэн. Энэ үнэт зүйлээ өвлөн үлдээх тал дээр шат, шатны ахмадын байгууллагууд өөрийн гэсэн брэнд бодлого, үйл ажиллагаатай болох ёстой болохоос бус дэлхийн юм яриад хэрэггүй. Монгол хүн монголоороо үлдэж чадахгүй бол Монгол хэлтэй гадаад хүнээс ялгарах юмгүй болж хоцроно. Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгийн утга санааг хүн болгон тунгааж яваасай. Зундуйн Дорж “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” гэж онож хэлсэн нь ерөөсөө л бусад үндэстнээс ялгарах онцлогоо, уламжлалаа хадгалж үлдсэн цагт Монгол улс Монголоороо үлдэнэ гэсэн санаа шүү дээ. Энэ мэт өөр олон жишээ хэлж болохоор байна.
-Баярлалаа. Танд болон танай хамт олонд улам их амжилт хүсье.
Д.Лхагва