Аж үйлдвэржсэн орнуудын “Долоогийн бүлэг”-ийн (G7) Худалдааны сайд нар эдийн засгийн дарамт шахалт өсөн нэмэгдэж буйд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж, ялангуяа Хятадтай холбоотой асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтын хүчин чармайлтаа идэвхжүүлэхээр тохиролцлоо.
Осака мужид болсон хоёр өдрийн хуралдааны дараа ням гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд сайд нар “худалдааг хязгаарласан шаардлагагүй арга хэмжээ, тэр дундаа Японы хүнсний бүтээгдэхүүний импортын хязгаарлалтыг нэн даруй цуцлахыг Хятад, Орос улсуудад уриалж байна” гэж мэдэгджээ.
2011 оны газар хөдлөлт, цунамигийн улмаас осолд өртсөн Фүкүшимагийн АЦС-ын цэвэрлэсэн усыг наймдугаар сараас далайд асгаж эхэлсний дараа дээрх хоёр улс Японы далайн бүтээгдэхүүнд импортын хориг тавьсан юм.
Японы далайн бүтээгдэхүүн аюултай гэдгийг нотлох баримт байхгүй учраас G7-ын орнууд импортын хязгаарлалтыг цуцлахад чиглэсэн Японы шаардлагыг “өргөнөөр” дэмжлээ гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Нишимура Ясүтоши хэвлэлийн хурлын үеэр дээр мэдэгдсэн байна.
Байгалийн баялаг ихтэй Хятад улс улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд импортын татварыг нэмэгдүүлэх, экспортод хяналт тавих гэх мэт арга замаар бусад орны эдийн засгийн эмзэг байдал, хараат байдлыг ашиглаж эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байна гэж зарим ардчилсан улс орнууд шүүмжилдэг.
Хятад улс 12 дугаар сарын 1-нээс эхлэн цэнэг хураагуур, түлшний элементүүд, цөмийн хөдөлгүүрт ашигладаг бал чулууны экспортод хязгаарлалт тогтоосонд G7-ын сайд нар санаа зовниж байгаагаа илэрхийлжээ .
Хамтарсан мэдэгдэлд “ашигт малтмал, хагас дамжуулагч, цэнэг хураагуур зэрэг чухал бараа бүтээгдэхүүний найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход чиглэсэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, G7-ийн хүрээн дэх ба бусад итгэлтэй түншүүдтэй хамтран ажиллахаар тохиролцов” гэж дурджээ.
Түүнчлэн G7-ийн сайд нар “2022 оны хоёрдугаар сард эхлүүлсэн Украины эсрэг Оросын харгис хэрцгий, үндэслэлгүй, хууль бус түрэмгий дайныг эрс зэмлэн буруушааж байна” гэж мэдэгдсэн байна. Тэд Украины үр тарианы экспортын дэд бүтцийг Орос улс сүйтгэсэн явдлыг, мөн долоодугаар сард Хар тэнгисээр хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэх боломжийг Украинд олгох тухай гэрээг цуцалсан Москвагийн “өрөөсгөл шийдвэрийг” шүүмжилсэн байна.
G7-ын сайд нар “хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хамгийн дөт оновчтой замаар үргэлжлүүлэн экспортлох Украины эрхийг дэмжиж байна” гэж мэдэгдэв.
Хоёр өдөр үргэлжилсэн энэ удаагийн хуралд G7-ын бүлгийг энэ онд даргалж буй Японоос гадна Их Британи, Канад, Франц, Герман, Итали, АНУ болон Европын Холбоо оролцжээ.
Бямба гарагт болсон эхний өдрийн “нэн чухал ашигт малтмалын уян хатан нийлүүлэлтийн сүлжээг бий болгох нь” сэдэвт хуралдаанд энэ онд 20-ийн бүлгийн чуулганыг даргалж буй Энэтхэг улсаас гадна Австрали, Чили, Индонез, Кени зэрэг байгалийн баялаг ихтэй орнуудын төлөөлөгчид уригджээ гэж үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ мэдээллээ.