БНАСАУ цөмийн зэвсгийн талаарх бодлогоо баталгаажуулан бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр мэдээллээ.
Мягмар, лхагва гарагт хуралдсан 14 дэх удаагийн сонгуулийн Ардын дээд хурлын есдүгээр чуулганаар “БНАСАУ-ын социалист Үндсэн хуулийн хэд хэдэн агуулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, БНАСАУ-ын цөмийн зэвсгийг хөгжүүлэх бодлогыг Үндсэн хуулиар баталгаажууллаа гэж KCNA агентлаг мэдээлжээ.
“БНАСАУ нь хариуцлагатай цөмийн гүрний хувьд улс орны оршин тогтнох, хөгжих эрхийг баталгаажуулах, дайныг таслан зогсоох, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор цөмийн зэвсгийг эрчимтэй хөгжүүлж байна” гэж тус агентлагийн мэдээнд дурджээ. Түүнчлэн тус улсын удирдагч Ким Жөн Ун парламентын чуулганд үг хэлэхдээ “стратегийн давуу байдлыг хадгалахын тулд цөмийн зэвсгийн шинэчлэлийг түргэтгэх нь чухал” гэж мэдэгдсэнийг онцолсон байна.
БНАСАУ өөрийгөө хамгаалахын тулд өрсөн цөмийн цохилт өгөх эрхийг хуульчлан баталгаажуулснаас хойш нэг жилийн дараа дээрх нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулж байна.
Ким Жөн Ун цааш нь хэлэхдээ, АНУ, Өмнөд Солонгос, Японы гурван талт хамтын ажиллагааг “НАТО-гийн ази хувилбар” хэмээн буруушаагаад “ноёрхлоо тогтоох гэсэн АНУ болон Өрнөдийн стратегийг эсэргүүцэж буй улс орнуудтай эв санааны нэгдэлтэй хэвээр байхыг” уриалжээ гэж МОНЦАМЭ уламжиллаа.