Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “УБ хотын газар олголт, хот төлөвлөлтийг бодохоор гомдмоор, бачуурмаар. Үр хүүхэд, ирээдүй минь үлдэж амьдрах хот. Хайр найргүй, баруун солгойгүй зарсан. Зүү шигдэх зайгүй болтол нь чигжсэн бетонон ширэнгэ. Ийм л хотод бид амьдарч байна. Даанч харамсалтай. Хотынхоо газрыг зарж дуусаад Дархан цаазат Богд уулаа зарсан. Хотхон босгоогүй, ухаж сэндийчээгүй ам гэж энэ ууланд алга. Даанч сайхан Хан уулыг минь сэглээд үлдээлээ. Хэзээ, хэн гэдэг дарга хэчнээн газар олгосон тухай мэдээлэл ил болсон…” хэмээн үнэнийг хэлэн бачимдсан.
Үнэндээ нийслэл хот төлөвлөлтгүй орон сууцнуудаар дүүрсэн нь хэний ч нүдэнд ил. Орцноос гараад л бөөн эрсдэл гээд бодохоор амьд явах баталгаа даанч алга. Хүн, машин нь нэг замаар явдаг улс энэ дэлхийд тийм ч олон биш болов уу. Машин тавих зогсоолыг шийдээгүй гэдэг шалтгаанаар нийгэмшээгүй, дураараа, амиа болсон жолооч нар нь хаана ч хамаагүй явдаг төмрөө хаяж байна! Эрсдэлгүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхээ яаж олж авах вэ?
Д.Лхагва