Беларусьт байрлаж байсан “Вагнер” цэргийн хувийн компанийн 100 гаруй хөлсний цэрэг Польш, Литвийн хилийн ойролцоох Сувалки зурвас руу шилжиж байгаа бөгөөд цагаачдын дүрээр хил нэвтэрч, тогтворгүй байдал үүсгэж болзошгүй гэж Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравиецки мэдэгджээ.
Беларусь ба Калининград мужийн хоорондох Сувалки зурсвас руу шилжиж буй хөлсний цэргүүдийн хөдөлгөөн Беларусийн Гродно хотын ойролцоо ажиглагджээ. Польшийн Ерөнхий сайд эдгээр мэдээллийг авсан эх сурвалжийг тодорхой хэлээгүй байна.
“Хөлсний цэргүүд Беларусийн хилийн цэргийн дүрэмт хувцас өмсөж, хууль бус цагаачдыг Польшийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах эсвэл өөрсдөө цагаачдын дүрээр хил нэвтэрч, тогтворгүй байдал үүсгэж болзошгүй” гэж Моравецкий мэдэгджээ.
Польшийн Ерөнхий сайд нөхцөл байдлыг “Польшийн нутаг дэвсгэрт гибрид дайралт хийх алхам” гэж тодорхойлсон байна.
Моравецкийн хэлснээр, зөвхөн энэ онд л гэхэд Беларусь-Польшийн хилээр хууль бусаар нэвтрэх 16 мянган оролдлого бүртгэгдсэн бол Александр Лукашенко, Владимир Путин нар хоёр жилийн туршид хууль бус цагаачдыг Польшийн нутаг дэвсгэр лүү оруулах гэж оролджээ.
“Вагнер” дээрх мэдэгдэлд тайлбар хийгээгүй тул хөлсний цэргүүд нь Гродно хотын орчимд “яг юу хийж байгаа нь” тодохойгүй байна. Гэхдээ Сувалки зурвасын ойролцоо Оросын хувийн цэргийн хүчнийг байрлуулах нь хурцадмал байдал үүсгэж болзошгүй байна.
Уг зурвас нь ердөө 60 миль урт боловч НАТО, Европын Холбоо, Орос, Беларусийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Хилийн энэ бүс нь Оросын Калининград мужийг Беларусьтай холбодог бөгөөд Балтийн орнууд болон Европын Холбооны бусад орнуудыг холбосон цорын ганц хуурай газар юм гэж CNN мэдээлснийг МОНЦАМ уламжиллаа.