Сүүлийн үед охид, хөвгүүд, залуус автобусанд ахмад настнуудад суудал тавьж өгөхөө бараг больсон талаар настнууд бухимдах боллоо. Энэ талаар иргэдийн төлөөлөл ийнхүү ярьж байна.
-Би одоо 68 настай. Саахарын өвчтэй болохоороо хөл мэдээ алддаг. Өчигдөр орой автобусанд орж иртэл сул суудал байсангүй. Ихэнх суудлыг 17-20 насны залуучууд эзэлсэн байлаа. 18 орчим насны охины дэргэд очиж зогсвол босч өгсөнгүй. “Эгч нь бие муутай хүн. Босоод өгөөч” гэвэл “Уучлаарай, би жирэмсэн гэж” хээв нэг худлаа хэлдэг байгаа. Жирэмсэн хүнийг би мэдэхтэйгээ. Тэгж худлаа ярьж суугаад сурчихсан юм билээ. Хэдхэн буудал газар залуу хүмүүс зогсч явлаа гээд ахмадууд шиг ядрах уу? (СХД-ийн иргэн С.Жавзан)
-2022 оны 12 дугаар сарын 02-ны 12.15 цагт би Жуковын автобусны буудлаас 1 дүгээр эмнэлэг орохоор “Алтай хотхон-Офицер” гэсэн хаягтай автобусанд суусан. Автобус дүүрэн хүн. Голдуу үүргэвч үүрсэн оюутан хүүхдүүд байсан. Нуруу муутай болохоороо зогсоод явахад хэцүү байлаа. Хаалганы дэргэдэх суудалд тухалсан 19 орчим насны охиныг босоод өгөх болов уу гэж их горьдлоо. Босох нь бүү хэл харин ч инээвхийлэн бусдыг тохуурхсан харцаар харж сууна. Гэтэл 50 гаруй насны намхан эрэгтэй “Чи настай хүнд босоод өгөөч” гэвэл нөгөө охин дуртай дургүй боссоноо нөгөө шаардлага тавьсан хүний өөдөөс том дуугаар хэрэлдэж гарлаа. Ямар ч хүн чанаргүй, бусдыг өрөвдөх сэтгэлгүй шинэ үе боожиж байна шүү дээ. Ядаж эмэгтэй хүн, ирээдүйн эх хүн ухаалаг, өр зөөлөн байх ёстой атал хөвгүүдээс дор хатуу сэтгэлтэй байгаа нь даанч харамсалтай. (БЗД-ийн иргэн Б.Наст)
–Би одоо 70 нас хүрч яваа хүн. Автобусанд суудал тавьж өгөхгүй болохоор нь зогсоод явж байтал жолооч нь огцом тоормозлож, гишгэдэл алдсан би унах шахлаа. Гэхдээ урдах бүсгүйг мөргөчихөв. Гэтэл нөгөө эмэгтэй “Та гайгүй юү?’ гэж асуухын оронд хүний биед хүрлээ, зургийг чинь авч сошиалаар цацна энэ тэр гэж утгагүй олон юм яриад эхэлдэг байгаа. “Чи хаана, ямар орчинд яваагаа мэдэрдэггүй юм уу? Жолооч тормозоо огцом гишгэхээр над шиг хөгшин хүн байтугаа залуу хүн ч урагшаагаа тэнцвэр алдана ш дээ” гэвэл ойлгох нь бүү хэл улам уурсан хэл амаа билүүдэв. Одоогийн залуус ийм л ухамсар дорой болсон байна шүү дээ. Ээж, аав, эмээ, өвөөгүй юм шиг аашилсан хүмүүс хэзээ ухамсар ухаан суух бол? Хамгийн гол нь настай хүнийг хүндлэх сэтгэл алга. Даралт нь ихэсч, улмаар ямар ч муу үр дагавар гарахыг тоохгүй байна. (БЗД-ийн иргэн Н.Баатарсүх)
Энэ гуравхан жишээнээс харахад өсвөр үеийнхэн, залуучууд ахмад настнуудыг хүндлэхээ больсон нь харагдаж байна. “Би ч бас аав, ээж, эмээ, өвөөтэй шүү дээ. Хэдэн жилийн дараа өөрөө ахмад настны эгнээнд шилжинэ’ гэж харьцуулж, эргэцүүлж бодох чадвар алга. Энэ улс орон, ирээдүй хойчийнхоо төлөө хамаг хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зориулсан ахмад буурлуудынхаа ачийг санах нь бүү хэл ад үзэх хандлага хүүхэд залуусын дунд гүнзгий илрэх нь улс нийгэмд маш хохиролтой гаж үзэгдэл шүү дээ. Азай буурлуудынхаа үгийг сонсч, тохойноос нь өргөн хүндлэх ёстой гэдэг уламжлалт зан заншил одоогийн хүүхэд залуусын үед мартагдах нь маш хор хохиролтойг ухаарах цаг болжээ. Энэ бол Монгол Улсын оршихуйтай холбоотой хүн чанарын том асуудал. Эцэг, эх, багш нар энэ сэдэвт анхаарал хандуулж үр хүүхдүүддээ хэлж ойлгуулах талаар олон ажил санаачилмаар байна. Хэвлэл мэдээллийнхэн, төрийн болон төрийн бус байгууллагууд ахмад настны хүндлэх ухамсарыг өвлүүлэх, сэргээх талаар бодох цаг болжээ!
Д.Дорж