Нийгмийн амьдралд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нэвтэрснээр иргэд хяналтгүй мэдээллийн их урсгалд төөрөх болсон. Өөрөөр хэлбэр иргэдийг хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролтой болгох хэрэгцээ шаардлага өнөөдөр тулгамдаад байна. Нэг ёсондоо мэдээллийн их үерийн үед албан ёсны мэдээллийг олон нийтэд тэгш, хүртээмжтэй хүргэж, үнэн бодитой мэдээллээр хангах нь төрийн ч, хэвлэл мэдээллийнхний ч үүрэг.
Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй, ялангуяа сонсголын бэрхшээлтэй иргэдийн үнэн бодитой мэдээллийг тэгш хүртээмжтэй хүртэх эрх бүрэн хангагдаж чадахгүй байгаа. Дохионы хэлний хэлмэрч дутагдалтай байгаад гол учир шалтгаан нь оршино.
Сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн 300 гаруй хүүхдэд дохионы хэлний нэг л багш байдаг аж. Сонсголгүй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн төлөөлж Н.Дэлгэрмаа гэдэг эмэгтэй gogo.mn сайтын сэтгүүлчид ярилцлага өгөхдөө сонсголгүй хүүхдүүдийг уншиж, бичиж сургахын тулд дохионы хэлмэрчийг бэлтгэх шаардлагатай талаар тодорхой байр суурь илэрхийлсэн байна билээ. Энэ нь манайд дохионы хэлмэрч дутагдалтай бөгөөд энэхүү ажил мэргэжлийг өргөн хүрээнд бэлтгэж чадахгүй байгааг нотолсон хэрэг юм.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Дохионы хэлмэрч хэрхэн бэлтгэдэг вэ, төрөөс дохионы хэлмэрчийн хүртээмж чанарт хэр зэрэг анхаардаг вэ?” гэж асуувал “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд дохионы хэлмэрч бэлтгэдэг болсон” гэдэг хариу өгөв.
“Дохионы хэлмэрч, орчуулагчдын холбоо” ТББ-д хандаж дээрх асуултаа тавивал “Дохионы хэлний багш гэдэг мэргэжлийг хаана ч бэлтгэдэггүй. Харин дохионы хэлний хэлмэрч бэлтгэх сургалт Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв дээр ажиллаж байгаа” гэв. Ямартаа ч дохионы хэлмэрч бэлтгэх ажил төрийн бодлогод суух нь сууж. Гэхдээ л хүртээмж нь одоохондоо хангалттай түвшинд очоогүй байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд дохионы хэлмэрч хамгийн чухал үүрэгтэй.
Монголын хэвлэлийн хүрээлэн ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын хичээлийн хөтөлбөрийг багш, суралцагчдад зориулан боловсруулсан бөгөөд энэхүү төслөө сэтгүүлчдэд танилцуулсан юм. Миний бие уг сургалтын хүрээнд дохионы хэлмэрчийн асуудлыг хөндсөн нь энэ.
Д.Лхагвадорж