“Өнгөрөгч зун 23 цагийн үед эхнэрээ тосох гээд гарсан чинь 17 орчим насны 12 дугаар ангийн бололтой 3 банди үнээ гэгддэг том том савтай пиво барьчихсан амаар нь уугаад явж байсан. Зүгээр ч нэг согтуурахгүй хажуугаар өнгөрсөн хүмүүс рүү агсарч, машин руу юм шидэх зэргээр их өвчигнөж байсан даа. Одооны хүүхдүүд мөн ч их эвдэрч байна шүү” гэж нэг танил маань аминчлан ярив.
Үнэндээ хүүхдийн хүмүүжил үнэхээр санаа зовоох түвшиний асуудал болчихжээ. Цар тахал, эдийн засгийн хямрал, үнийн өсөлт гэх зэрэгт хамаг ухаан бодол, цаг хугацаагаа зарцуулах зуур хэдхэн жилийн дараа Монголыг авч явах өсвөр үеийнхний хүмүүжил, ёс суртахуун санаа зовоох хэмжээнд тулж очжээ. Өчигдөр л гэхэд 13 настай хүүг 12-14 насны дөрвөн хүүхэд зодож, хоёр удаа хутгалж гэмтээсэн байна.
Хүүхдийн хүмүүжилд яг ямар хүчин зүйл нөлөөлөөд байгааг сайтар судлан тогтоож, шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол байдал хэцүүдлээ. Ерөнхий дүр зургаар нь харвал эцэг, эхийн хандлага, гэр бүлийн орчин, детектив кино, цахим орчны нөлөө гээд олон хүчин зүйл буруутай нь тодорхой. Тийм учраас төр засаг, Боловсрол, шинжлэх ухааны болоод Соёлын яам нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх чиглэлээр тодорхой бодлого боловсруулж, үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ.
Эцэг, эхчүүд ч миний хүүхэд л зөв хүмүүжиж байвал бусад нь хамаагүй гэсэн шиг аминчхан үзэл гаргалгүй хамтран ажиллах хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл нийгмийн нөлөө таны зөв хүмүүжилтэй хүүхдийг хохироох эрсдэл бий болчихоод байна! Сургуулийн багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйчид гэж яг ямар ажил хийдэг хүмүүс вэ? Олигтойхон ажил санаачлаад, даруй хэрэгжүүлж эхлэхгүй бол өсвөр үеийн хүмүүжил Монголын нийгэмд сүүдрээ тусгаж эхэллээ!
Д.Лхагва