Замын хөдөлгөөнд оролцож байгаа троллейбусны жолооч эмэгтэй нэг гараараа утсаа, нөгөө гараараа жолоогоо барина. Үе үе утсаа харна. Хүнтэй ярина, мессеж бичнэ. Зарим үед бүр видео колл ч хийж байх шиг. Олон хүний амь нас хариуцаж яваа өндөр хариуцлагатай байх учиртай хүн ингэж болох уу?!
Ер нь автобусны жолооч нарын ухамсар, сахилга хариуцлагад анхаарахгүй бол болохгүй нь ээ. Гэрлэн дохио зөрчинө, хурд хэтрүүлнэ, хөгжим чарлуулж зорчигчдын тав тухыг алдуулна, бэлэн мөнгө байнга авна, хоорондоо уралдана, иргэдийн эрх чөлөөнд халдана, буудлын карманаас маш хол зогсож, иргэдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна. Ийм гомдол шүүмжийг олон хүн хэлсээр ирсэн. Харамсалтай нь төдийлөн засрахгүй байгаа нь ноцтой асуудал мөн. Автобус компаниуд жолоочоор орох хүсэлтэй хүмүүсийг сонгон шалгаруулж авдаг, эсэх нь үнэхээр эргэлзээтэй. Сургалт хийх тал дээр бүр ч санаачилга муутай ажилладаг нь нийтийн тээврийн жолооч нарын өдөр бүр гаргадаг дүрмийн бус үйлдлээс тодорхой харагдаж байна.
Д.Болор