Өнөөдөр МАХН, ИЗНН, НН, МҮАН-ын удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлаж “Оюу толгойн гэрээг цуцлуулах үндэслэл’-ийг танилцуулав. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Энэ гэрээ бол Монгол Улсад ашиггүй, гадныхантай хуйвалдаж байгуулсан гэрээ. Тийм учир МАХН, ИЗНН, НН, МҮАН нэгдэж уг гэрээг цуцлуулах үндэслэлийг боловсруулж, өнөөдөр та бүхнээр дамжуулж олон түмэнд танилцуулж байна. Бид “Оюу толгой“-г эдийн засгийн эргэлтэд оруулахыг эсэргүүцээгүй. Хөдөлгөх ёстой, ашиглах ёстой. Хамгийн гол нь Монгол Улс, Монголын ард түмэнд ашигтай гэрээ байгуулах ёстой юм. Тийм учраас уг гэрээг цуцлуулах үндэслэлээ УИХ-ын даргатай уулзаж танилцуулна. Хэрэв хүлээж авахгүй бол гадныхны талд байна гэж бодно. “Оюу толгой’-д Монгол Улс ямар ч эрх мэдэлгүй байгаа цагт Монгол ажилтнуудын эрх ашгийг хамгаалж, цалинг нь нэмэгдүүлж чадахгүй. Хэрэв бид дараагийн сонгуульд ялбал энэ гэрээг хөнгөхөн өөрчилж чадна’ гэж мэдэгдлээ. Тэрбээр мөн “Зарим нэг хүн энэ гэрээгээр бахархаж байгаа юм билээ. Үнэндээ бахархал биш гутамшиг шүү дээ’ гэлээ.
Д.Лхагвадорж