Тоглоомын талбайд шинэ савлуур байрлуулаад удаагүй байв. Ердөө л гурав хоногийн өмнө л дөө. Онцлог нь 2-4 настай хүүхдүүдэд зориулсан жижиг хэмжээтэй, бэхэлгээтэй савлуур. Нэг хартал дунд сургуулийн 11-12 дугаар ангийн бололтой хэдэн охин, хөвгүүн ээлжлэн сууж байх юм. Нялх хүүхэд суулгаад гэдсээр нь бэхэлдэг бүслүүрийг нь дор нь тас татав.
“Наадах чинь бага насны хүүхдүүдэд зориулсан савлуур шүү дээ. Та нарыг яаж даах юм” гэвэл өндөрдүү биетэй банди “Тэгээд яадаг юм” гэж хэг ёг хийж байна. Ядаж байхад охид нь буруу үйлдэл хийж байгаа нэгэндээ үг хэлэх нь бүү хэл, өөгшүүлнэ. Тэд хэсэг ээлжлэн тоглож байгаад инээлдсээр явлаа. Харамсалтай нь өглөө нь нөгөө савлуур юу ч үгүй эвдэрсэн байх нь тэр. Бяцхан хүүхдүүд очоод суух аргагүй болсон савлуураа хэсэг харж байгаад уруу царайлан холдох нь өрөвдөлтэй. 16-17 насны хүүхдүүдэд ухамсар, хариуцлага даанч алга байгаа нь энэ жижигхэн жишээнээс тод харагдлаа. Яаж ч бодсон том хүнийг даахын аргагүй савлуур дээр сууж, зориуд эвдэлнэ гэдэг хүн чанартай холбоотой асуудал биз дээ? Эцэг, эх, багш нар хүүхдүүдийнхээ боловсролоос илүү хүмүүжил, ёс суртахуунд нь илүү анхаарах цаг болж. Сошиалын сөрөг нөлөөллөөс холдуулж, хүн байхын утга учрыг таниулж, ойлгуулмаар байна.
Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч В.Сухомлинский “Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин ирээдүйд эцэг, эх болно гэдгийг мартаж болохгүй” гэж хэлсэн нь юутай үнэн. Хүүхэд бүр онц сурч, өндөр боловсрол эзэмшихээс илүү зөв хүн бoлж төлөвших ёстой гэсэн утгатай үг шүү дээ.
Д.Лхагва