Жилд авто ослоор нас барагчдын тоо 500-600-гаас буурдаггүй. Үүний нилээдгүй хувь нь Улаанбаатарт бүртгэгддэг. Ослын 90 гаруй хувь нь жолооч нарын буруугаас үйдэлтэйг тээврийн цагдаагийн тогтоож, анхааруулсаар байна. Харамсалтай нь ухамсаргүй, хариуцлагагүй, бүдүүлгийн туйл жолооч нэртэй эрлэгийн элч нар анхааруулга, сэрэмжийг хүлээн авч, өөртөө дүгнэлт хийж байгаа нь даанч ховор байгааг гарч байгаа авто ослын хэргүүд гэрчилнэ. Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, засмал зам дээр гүйцэд түрүүлэх, урсгал сөрөх, согтуугаар жолоо барьж байгаагаас осол гарч байгаа бол нийслэлд мөн л хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, эгнээ байраа гэнэт солих, согтуугаар жолооны ард суух зэргээс гадна гэрлэн дохио зөрчих хэргийн улмаас эрдэнэт хүний амь цаг бусаар хохирч байна.
…”Би 2022 оны 2 дугаар сарын 18-ны шөнийн 02.30 цагийн үед ажлаа дуусгаад Норжингийн урд талын гарцаар зам хөндлөн гарахаар гэрлэн дохиогоо хүлээж зогслоо. Ногоон гэрэл ч аслаа. Харамсалтай нь машинууд зогсоогүй. Нэг хар өнгийн ланд бүр хар хурдаараа давхиад өнгөрсөн. Ер нь гэгээн цагаан өдөр ч ногоон гэрэл зөрчдөг автобус, жижиг тэргүүд олон байдгийг харж л байлаа. Шөнө бүр гаардаг юм билээ. Ялангуяа зүүн 4 замаас зүүн болон баруун чиглэлийн гэрлэн дохиог үл хайхардаг жолооч нэр зүүсэн малнууд олон байдаг. Замын цагдаа камераа сайн шүүж тийм хэрэг зөрчил өдүүлсэн этгээдүүдэд цаг тухайд нь хатуу арга хэмжээ авч байхгүй бол олон хүний, хүний амь нас эрдсэлд орж байна шүү!” хэмээн БЗД-ийн 5 дугаар хорооны иргэн Ж.Доржбал ихэд бухимдан өгүүлсэн юм. Яг иймэрхүү утгатай гомдол хэлэх хүмүүс дэндүү олон байна!
Н.Баасан