Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголын ахмадын холбоо (МАхХ)-ноос хамтран зохион байгуулсан аймаг, нийслэл, сум, дүүрэг, яам, агентлаг, аж ахуйн нэгж байгууллагуудын ахмадын хороо, зөвлөлийн удирдах ажилтны зөвлөгөөн 2018 оны 3 дугаар сарын 22, 23-нд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөв.
Уг арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Засгийн газраас ахмад настны талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын зорилт”, МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Монголын ахмадын байгууллагаас 2017 онд хийсэн ажлын үр дүн, цаашдын зорилт”, МАхХ-ны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгчийн хооронд байгуулсан гэрээний агуулга, зорилт, түүнийг хэрэгжүүлэхэд ахмадын бүх шатны байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэлийг тус тус тавьж хэлэлцүүлсэн юм.
Мөн МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг хэрэгжүүлэх, ахмадын жилийн бэлтгэл ажлыг хангах, ахмадын сан байгуулах, зарцуулах журмыг хэрэгжүүлэх чиглэлээр ахмадын байгууллагууд хэрхэн ажиллах талаар зөвлөмж өгч, ахмадын байгууллагуудын 2017 оны ажлыг дүгнэсэн тухай мэдээлэл хийлээ. МАхХ-ны ахлах мэргэжилтэн Б.Цэцэгсүрэн орон нутгийн ахмадын багууллагуудын 2017 оны ажлын гол үзүүлэлтүүд, үр дүнгийн гэрээний биелэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн бол орон нутгийн ахмадын байгууллагыг төлөөлж Өвөрхангай аймгийн ахмадын хорооны дарга Д.Баяртогтох ахмадын байгууллагууд орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж дэмжлэг авдаг талаар туршлагаа хуваалцав.
Түүнчлэн дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн, ахлах мэргэжилтэн Б.Цэцэгсүрэн нар Монголын ахмадын байгууллагуудын мэдээ, судалгаа, статистик бүртгэл, сахилга хариуцлага, боловсон хүчнийг чадавхжуулах, ерөнхийлөгч Ц.Сүхбаатар 2018 онд ахмадын байгууллагаас хийж гүйцэтгэх үндсэн чиг үүрэг, үр дүнгийн гэрээг биелүүлэхэд анхаарах асуудлыг тус тус хөндөж, ярилцав. Зөвлөгөөний төгсгөлд МАхХ орон нутгийн ахмадын байгуулагуудын 2018 оны үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурсан юм.
Зөвлөгөөний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцав.
С.Чинзориг: Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх нь зүй ёсны асуудал
–Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодлого барьж байна вэ?
-Засгийн газар ахмадуудын тэтгэврийг нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ жил тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг болгосон. Улсын хэмжээгээр нийт 380 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 50 гаруй хувь нь хамгийн бага тэтгэвэртэй байгаа. Тийм учир ахмадуудын тэтгэврийг нэмэхийн зэрэгцээ бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ирэх оноос Засгийн газар ахмадуудын тэтгэврийг индексжүүлэн нэмэгдүүлэх, хоёрдугаарт, манай ахмадуудын байнга ярьдаг тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр тэтгэвэр тогтоох итгэлцүүрийг шинэчлэн тогтоох гэсэн ийм хоёр арга хэмжээг зэрэг авах болдолтой байгаа. Ер нь тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх нь зүй ёсны асуудал. Ажилласан жил, авч байсан цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээсээ хамаараад ялгамжтай тэтгэвэр авдаг хууль үйлчилж байгаа. Тийм учраас тэтгэврийн доод хэмжээг нэмэх нь зөв. Учир нь энэ бол хамгийн орлого багатай өндөр настнаа хамгаалсан бодлого юм. Гэхдээ нөгөө талаасаа доод тэтгэврийг огцом нэмэгдүүлэх нь ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлээсээ хамаараад зөрүүтэй тэтгэвэр авдаг тэр зарчмыг эвддэг сөрөг талтай. Мөн хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулах сөрөг тал ч бий. Тийм учир эерэг, сөрөг талуудыг сайн тооцож байж тэтгэврийг нэмэгдүүлэх бодлогоо зөв тодорхйлох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ жилээс Засгийн газар Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээ авна.
–Ахмадын тухай хуульд ахмадын байгууллагын санхүүжилтын асуудал тодорхой тусгагдсан. Гэхдээ хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-Ахмад настны тухай хуулиар санхүүжилтийн хоёр чиглэлийн асуудал бий. Нэгдүгээрт, орон нутгийн удирдлагууд ахмадын байгууллагатай гэрээ байгуулаад үйл ажиллагааны санхүүжилт, урамшуулал олгоно. Тийм учир орон нутгийн Засаг дарга нар ахмадын байгууллагатай гэрээ байгуулж санхүүжилт олгох асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ энэ нь аймаг болгонд харилцан адилгүй байна. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаварт тодорхой тусгахаар төлөвлөж байна. Хоёрдугаарт , аж ахуйн нэгж байгууллагууд цалингийнхаа сангийн 3 хүртэлх хувиар ахмадын сан байгуулах хуультай. Энэ хууль сайн хэрэгжихгүй байгаа шүүмжлэл байна. Ер нь цаашдаа Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч аж ахуйн нэгжийн хэд нь хуулийг хэрэгжүүлэхгүй байгааг судлан тогтоох нь зүйтэй. Хоёрдугаарт, Сангийн яам, Аудитын байгууллагатай энэ талаарх асуудлыг ярьж нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй.
Ц.Сүхбаатар: Төсөв мөнгөгүй бол Ахмад настны хуулийг сурталчлах ажил явахгүй
Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартаас байр суурийг нь сонирхов. Тэрбээр “Энэ удаагийн зөвлөгөөнд орон нутгийн ахмадын байгууллага, томоохон аж ахуйн нэгжийн ахмадууд оролцож байна. Гол нь Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлын хүрээнд ярилцаж байна. Энэ асуудлаар монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар удахгүй гарч ахмадуудынхаа талаар ойрын үед ямар арга хэмжээ авч, ямар ажил зохиох нь тодорхой болно. Ахмад настны шинэ хуулинд ахмадуудад үйлчилгээ үзүүлэх олон төрлийн шинэлэг ажил тусгагдсан. Түүнийг сурталчлахад төсөв хэрэгтэй. Хуулийг сурталчлах талаар ахмадын төв байгууллага нь Засгийн газартай, орон нутгийн ахмадын байгууллага нь аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллах юм. Дахин хэлэхэд энэ ажил төсөв мөнгөгүйгээр хэрэгжихгүй учраас бид Сангийн яаманд асуудал тавьж байна. Зөвлөгөөний төлөөлөгчид ч энэ асуудлыг тойрч ярилцаж байна. 2018 оны хавраас эхлээд 2019 оны төсвийн боловсруулалт эхэлнэ. Ахмадуудын талаар хуульд тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагууд цалингийнхаа 3 хүртэлх хувьтай тэнцэх ахмадын сан байгуулах зэрэг энэ бүх заалтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр 2019 оны төсөвт тусгуулах арга хэмжээ авахгүй бол хуулийн хэрэгжилт урагшаа явахгүй байгаа юм. Сангийн сайдтай биечлэн уулзаж төсвийн талаарх ахмадуудын саналыг дэлгэрэнгүй танилцуулж дэмжлэг авах шаардлагатай байгаа. Ялангуяа тэтгэврийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх, бодлогыг зөв тодорхойлох нь чухал байна. Тийм учраас 2019 оны улс орон нутгийн төсөвт Ахмад настны хуулийг хэрэгжүүлэх, тэтгэвэр нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг асуудлыг тусгуулах чиглэлээр идэвхтэй ажиллах ёстой.
Д.Лхагва