Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 мянга гаруй сорьцод шинжилгээ хийснээс 1811 хүн коронавируст халдвартай нь батлагдлаа. Энэ нь сүүлийн өдрүүдийнхээс харьцангуй буурсан үзүүлэлт юм.
Эдгээрийн 1806 нь дотоодын халдвар бөгөөд эмнэлгээс шалтгаалсан 5 тохиолдол бүртгэгдсэн бол 983 нь нийслэлд, 823 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Харин 834 хүн сүүлийн 24 цагт эмнэлэг, гэрийн хяналтаас гарчээ. Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 15 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 533 хүн эндээд байна.
Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт коронавируст халдвартай нийт 14 189 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 263 хүний биеийн байдал маш хүнд байна. Бусад нь хөнгөн, хүндэвтэр, хүнд оноштой байгаа аж. Харин коронавирусээр халдварлаад хөнөгөн өвдсөн 25 968 хүн өрхийн эмчийн хяналтад байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.